“Большой” театрын тэргүүн гоцлоочид “Жизель”-ийн гол дүрд тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 10, 11-нд олны хүртээл болгоно.
Уг бүжгэн жүжгийн гол дүрийг энэ удаа ОХУ-ын алдарт “Большой” театрын тэргүүн гоцлооч Клим Ефимов, Анастасия Сташкевич нар бүтээхээрээ онцлогтой юм. “Жизель” нь сонгодог урлагийн тайзнаа 300 гаруй жил болохдоо анхны хувилбар, дэглэлтээр өнөөдрийг хүрснээрээ онцгой бүтээл билээ.
УДБЭТ-ын захирал Д.Алтанхуяг ярихдаа, “Жизель”-ийг 1841 онд Францад анх удаа тоглож байсан. Европын тодотголтой ч манай дуурийн театрт олон удаа тоглосон балет юм. Энэ балет өөрөө гүн агуулгатай. Өнгөрсөн, одоо, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй, агуулгыг хүн төрөлхтөнд бий болгосон. Дэлхийн үзэгчид энэ балетаас хайр, урвалт, уучлалтыг хардаг. Мөн сэтгэл хөдлөл, хий үзэгдлийг харна. Байгалийн гоо сайхантай уялддаг. Сонгодог урлагийг өөрийн цаг заваа гаргаж дуурь балетыг үзэж байх нь оюунд маш их илааршлыг өгнө. Мөн хөгжим гэдэг агуу урлагаар илэрхийлж байгаа балет юм” хэмээв.
Уг бүжгэн жүжгийн Албертын дүрийг Клим Ефимов, Жизелийг Анастасия Сташкевич нар бүтээх бөгөөд бүжгийн техник, ур чадвараас гадна жүжиглэлтээрээ онцгой бүжигчид юм.
Энэ удаагийн “Жизель”-ийн эхний өдрийн тоглолтод Чехийн Оломоуц
хотын Моравийн театрын балетын гоцлол бүжигчин, ахлах зэрэгтэй мэргэжлийн
балетын багш Хонг Шаошүэй Па-Де-Де бүжиглэх юм. Тэрбээр “Кармен”, “Болеро”,
“Дориан Грейгийн зураг”, “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Жизель”, “Дон Кихот”, “Коппелия”,
“Ла Корсар”, “Анна Каренина” зэрэг 30 гаруй бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээснээс
гадна УДБЭТ-ын тайзнаа Альбертын дүрийг амилуулсан нэгэн юм.
Ташрамд дурдахад, “Жизель”-ийг 2022 онд шинэчилж дэглэсэн боловч орчин үеийн бүжгэн жүжиг болж хувирахааргүй түүхэн бүтээл гэдгээ харуулжээ. Уг бүжгэн жүжгийг манай улс анх 1979 онд УДБЭТ-ын тайзнаа тоглож байв.