Хүүхэд харах үйлчилгээнд 5 тэрбум 800 саяыг нэмж тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-03 09:41:08

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн сайд Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Үндэсний аудитын газрын дарга А.Зангад, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар оролцсон юм.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуралдааны эхэнд 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцүүлэх дарааллыг гишүүдэд танилцуулав. Иймд 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Төсвийн байнгын хорооны гишүүд, бусад байнгын хорооны гишүүд, нам бүлэг гэсэн дарааллаар саналуудыг хэлэлцлээ.

Ажлын хэсгээс гаргасан 40 орчим зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90.758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх, “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр, Эрдэнэт- Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилж, 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан Төрийн өмчийг 2015-20126 онд хувьчлах өөрчлөн байгуулах, үндсэн чиглэлийг үргэлжлүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах хэлэлцүүлэх зэрэг төсвийн орлого нэмэгдүүлэх саналууд олонхийн дэмжлэг авсан юм.

Түүчнлэн төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэлээр бүх шатны ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардлыг 1.0 хуиар бууруулах, үүнтэй холбоотой урсгал зардлыг 27,762.0 төгрөгөөр бууруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50 хувиар багасгаж, урсгал зардлыг 765.0 сая төгрөгөөр бууруулах зэрэг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжсэн юм. Мөн дэлхийн шилдэг их сургуульд шинээр эллсэн суралцагчдад төрөөс сургалтын зээл олгохтой холбогдуулан нийт 3,000.0 сая төгрөгийн төсөлд нэмэх, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нэг суралцагчдад ногдох нормативаар тооцсон хувьсах зардлыг 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн 1,968.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг саналуудыг гишүүд 100 хувь дэмжлээ. Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,800.0 сая төгрөгийг нэмж тусгах, үүнтэй холбоотойгоор хүүхэд харах үйлчилгээний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах саналыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжив. 

Энэхүү ажлын хэсгийн саналд Монгол УлсынЕрөнхийлөгчөөс 2017 оны төвсийн төсөлд хүргүүлсэн саналууд багтсан учир тусад нь санал хураалгах шаардлагагүй гэж гишүүд үзлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ үеэр Монгол Улсын 2017 оны төсөвт шинээр баригдах барилга, урсгал зардалтай холбогдуулан сайд нарын багцад нэмж тусгасан, төсөвт хүндрэл өгөх саналыг дэмжихгүй байх горимын санал гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Тиймээс хуулийн төслүүдийн талаар байнгын хороодоос ирүүлсэн УИХ-ын гишүүдийн санал, АН, МАН бүлгээс гаргасан 2017 онд шинээр баригдах барилга, урсгал зардалд сайд нарын багцад нэмж төсөв тусгасан саналууд бүгд  хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн 2017 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барих, шилжүүлэх концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад багтсан Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам барих, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших "Болд төмөр ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртлэх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих төслүүд буюу нийт 40 гаруй тэрбумын төсвийг хасах саналыг гишүүд дэмжив. Учир нь энэхүү төслүүдийн бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй, гүйцэтгэлийн хяналт ч тавигдаагүй байгаа учир ийнхүү хасагдсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Учир нь уг хуульд өөрчлөлт оруулбал цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж 45-60 хувь буурах тул бизнес хийх эрхгүй, цалингаас өөр орлогогүй тэдний нийгмийн асуудал хүнд байдалд орно гэж гишүүд үзэж байлаа.

Хуралдааны төгсгөлд байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ