ЗАВХАН: Отгонтэнгэрийн мөнх цас нуур болсон түүх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-17 16:30:13

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж хайлж буй мөнх цасны ёроолд нуур усан сан, хөв цөөрөм байгуулахыг усны мэргэжилтнүүд уриалж байна.


Завхан гол нь Отгонтэнгэр хайрхны мөнх цасны усаар тэжээгдэн урсдаг жамаар урсан эдүгээ бидний үед ирсэн. Харамсалтай нь Отгонтэнгэр хайрхны мөнх цас жил ирэх бүр хайлж байна. Жилийн дөрвөн улирал оройдоо мөнхийн цастай байдаг цагаан уулын орой зундаа бараг л цасгүй байдаг болсон.


Ер нь мөнх цастай уултай боломжит бүх газарт нуур, усан сан, хөв цөөрөм барьж байгуулж гэмээ нь бид ус голоо хамгаалах, улмаар ирээдүй хойч үедээ ус үлдээж, хамгааллын тогтолцоог бий болгож чадна. Үүний тодорхой жишээ бол Гэгээн нуур юм.


Гол горхи, булаг шанд бүрээ хамгаалж, хамгаалсан газраа хөв цөөрөм, нуур усан сан үүсгэж байж байгалийн усны эргэлтийг дэмждэг. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж чаддаг. Энэ бол мөнх цас хайлсан харамсалтай түүх ч гэлээ хайлсан цасны усыг тогтоон барьсан гайхамшигт түүх юм.


Отгонтэнгэр хайрхны мөнх цасны хайлсан цасыг Завхан голоор дамжуулан тогтоон барьснаар өдгөө нуур болон тогтоод байна. Хэрвээ усны барилга байгууламж барьж, Гэгээн нуурыг үүсгээгүй бол их хайрхны мөнх цасны хайлж буй их усыг тогтоон барьж чадахгүй байх байсан юм.


Улмаар эх голын тэжээл багассанаар Завхан гол хатах, ширгэх, татрах, тасрах аюулд орох байлаа. Отгонтэнгэр хайрхны мөнх цас байгаа цагт Завхан гол урссаар байх байсан бол одоо Гэгээн нуур байгаа цагт Завхан гол урссаар байх болно. Усны барилга байгууламжийн үр дүн болох нуур-усан сан байгуулахын гайхамшигт жишээ нь Гэгээн нуур юм гэж Усны газрын дарга З.Батбаяр нүүр номдоо онцолжээ. 


Өөрөөр хэлбэл, хүний гараар бүтсэн хамгийн залуу нуур болох Гэгээн нуур нь манай сав газрын Говь-Алтай аймгийн Тайшир суманд оршиж байна. 


Улаан Боомын хавцалд 2008 онд “Тайшир гуулин” УЦС-ыг байгуулахын тулд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулан Завхан голын усыг хуралдуулсан нь 17,2 гаруй километр урт, 3,7 орчим километр өргөнтэй нуур бий болжээ.


Тус нуурт Завхан голд байдаг монгол хадран, алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, тухайн сав газрын олон мянган мал ундаалж байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гол горхи, цэвдэг, мөнх цас хайлах үзэгдэл сүүлийн таван жилд эрчимтэй бүртгэгдэж байгаа нь харамсалтай. Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох олон талын үйл ажиллагааг ирээдүй хойч үеийнхээ төлөө хийх хэрэгтэй гэж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.

Отгонтэнгэр уул 2023 оны хавар Гэрэл зургийг Н.Сүхбат


Тайширын УЦС, Гэгээн нуур


Гэгээн нуур 2018 онд “Google” хайлтын системд албан ёсоор бүртгэгдсэн байна

 

Холбоотой мэдээ