Б.Баяр-Эрдэнэ: Хүүхэд бүхний гэрэлтэхийг хүсдэг ертөнцийг харуулахыг бид зорьсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.garmaa@montsame.gov.mn
2025-05-20 12:18:59

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 23 дугаар сургуулийн монгол бичгийн “Хос уянга” нэгдлийн сурагчид “Норфей” галерейд энэ сарын 5-7-ны өдөр бие даасан үзэсгэлэнгээ гаргасан юм.

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэргэд монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдлийг 2003 онд үүсгэн байгуулжээ. Тус нэгдлээс хамгийн анх салаалан ерөнхий боловсролын сургуульд салбар дугуйлан байгуулсан нь нийслэлийн 23 дугаар сургуулийн монгол бичгийн “Хос уянга” клуб юм. Н.Золжаргал багшаар удирдуулан 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй энэхүү клуб нь сурагчдад монгол бичгийн олон тигийг сурталчлан таниулах, хөгжүүлэхийг эрхэмлэж ажилладаг юмТус клубийн тэргүүн Б.Баяр-Эрдэнэтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.


Тэрээр “Монголын сайхан бичигтэн”, “Мөнх тэнгэрийн бичиг” тэргүүтэй улс, олон улсын уралдаануудад удаа дараа амжилттай оролцож, “Монголын сайхан бичигтэн – 2024” олон улсын уралдаанд тэргүүн байр эзлэн, МУИС-д дөрвөн жил үнэгүй суралцах эрхтэй болоод буй юм.


-Энэ удаагийн үзэсгэлэн өмнөх үзэсгэлэнгүүдээс юугаараа онцлогтой байв?

-Юуны өмнө, уншигч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Хос Уянга” клуб байгуулагдсан цагаасаа хойш хичээнгүй, бийрийн, эвхмэл, хулсан үзгийн бичвэр зэрэг бичлэгийн төрлүүдээр бүтээл туурвиж нийслэл, улс, олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсоор ирсэн. “Айсуй”, “Тэмүүлэл”, “Эрдэм” үзэсгэлэнгүүдийг улсын хэмжээнд толилуулж байв. Энэ удаагийн “Гэрэлт” үзэсгэлэнгийн онцлог бол бусад ерөнхий боловсролын сургууль болоод их, дээд сургуулиудаас чанартай, шинэлэг бүтээлийг хүмүүст хүргэхийг зорьсон. Мөн хүүхэд бүхнийг ямар ертөнцөөр гэрэлтэхийг хүсдэгийг харуулах гол зорилготой байлаа.



-“Хос уянга” клубийг хэдэн жил удирдсан бэ, хүндрэл бэрхшээл болоод сайхан зүйл нь юу байсан бол?

-Анх клубийнхээ тэргүүний албыг хүлээж авахад 8 дугаар ангид байсан болохоор туршлага дутсан. Цар тахлын үед өмнөх тэргүүн маань төгсчихсөн байсан болохоор бүхнийг шинээр эхлүүлсэн гэж хэлж болно. Том бэрхшээл бол байгаагүй ээ. Сайн багшийнхаа хүчинд олон сайхан зүйлсийг сурч мэдэж байна. “Хос Уянга” бол миний амьдралд гэрэл нэмдэг зүйлсийн нэг юм.


-Хэзээнээс монгол хэл, бичгийн мэргэжилтэн болохоор сэтгэл шулуудаж байв?

- Одоогоос яг 3 жилийн өмнө, Хэл бичгийн салбар надад яг тохирох мэргэжил юм байна даа гэж бодоод, энэ шийдвэртээ бат зогссон.


-Уран бичлэгээр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ, анхны багш нь хэн байв?

- 2021 онд бийр, бэх нийлүүлж эхэлсэн. Н.Золжаргал багш маань бүх зүйлийн эхлэлийг тавьж өгсөн.


-“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд хэд дэх удаагаа оролцов?

- “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд анх удаагаа өнгөрсөн жил оролцсон.


-Анх оролцоод л шагналт байр эзэлсэн юм байна шүү дээ. МУИС-д дөрвөн жил үнэгүй суралцах тэтгэлэг хүртээд буй. Энэ баяртай зэрэгцээд хариуцлага ирж байгаа байх...

-Тийм ээ. Энэ тэтгэлгийн ачаар маш олон зүйлийг олж авсан. Бас дагаад хүндтэй хариуцлага ирсэн гэдэг нь таны зөв. Хичээн суралцах болно оо.


-Оюутан болоод амжилттай суралцана гэдэгт нь итгэлтэй байна. Цаашид хийж бүтээх олон зүйл байгаа байх, тийм үү?

-Миний мөрөөдөл биелэхэд хэдхэн сар дутуу байна. Цаашдаа олон зүйлийг МУИС-иас сурахыг хүсэж байна. Багшийнхаа  мэргэжлийг өвлөж байгаа учир өөрийн болоод багшийнхаа дутууг нөхөж явахыг хичээх болно. Багш маань оюутан байхдаа хоёр дахь тэргүүнээр нь ажиллаж байсан МУИС-ийн “Хос уянга”-ын гал голомт дээр очиж, өөрийгөө дахин шинээр сорьж, суралцах гэж байгаадаа баяртай байна.


-Саяхан болсон “Бичиг соёл- 2025” үзэсгэлэнгийн үеэр "Бичиг соёл төв"-ийг үүсгэн байгуулагч, уран бичээч Д.Ганбаатар агсны нэрэмжит шагналыг хүртсэнд баяр хүргэе. Энэ үзэсгэлэнд ямар бүтээлээр оролцов?

-Үнэхээр их баярлалаа "Бичиг соёл 2025" үзэсгэлэнд би Ганбаатар ахад зориулаад А.Лхагвын 2013 оны 1 дүгээр сарын 17-нд өөрт нь зориулж бичсэн "Бийрийн үзүүрээр" шүлгийг гэр бүлээс нь зөвшөөрөл авч, чадан ядан хулсан үзгээр хичээнгүйлэн бичсэн. Энэ шагнал надад маш их үнэ цэнтэй. 




-Уран бичлэгээр бүтээл хийхэд юу хамгийн чухал байдаг вэ?

-Тэмцээн, үзэсгэлэнгийн агуулгад тохируулан өөрийн мэдрэмжээр бүтээлээ хийдэг. Би одоохондоо залуу, хүүхдээрээ байна. Тиймээс ах эгч, багш нарынхаа хийж бүтээснээс суралцаж, санаа авдаг.






Холбоотой мэдээ