ОРХОН: “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг 8 байршилд хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-21 13:37:03

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 21/ МОНЦАМЭ/. Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн үйл ажиллагаа албан ёсоор энэ сарын 28-нд эхэлнэ. 


Тус төсөл нь Үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах, Ус хангамжийг сайжруулах гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр 8 байршилд хэрэгжинэ. 


Төслийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төрөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцох юм. 


"Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл нь Орхон аймаг, Эрдэнэт хотын үерийн эрсдэлийг бууруулах, усны чанарыг сайжруулахад чухал үр нөлөөтэй.  Мөн  ЕСБХБ-ны санхүүжилтээр Монгол Улсын 21 аймгаас орон нутагт анх удаа Орхон аймагт хэрэгжиж буй гэдгээрээ онцлог төсөл. 


Төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг ЕСБХБ-ны санхүүжилтээр Дани Улсын “Sweco” зөвлөх компани, Румын Улсын “BDO”, Монгол Улсын “Монконсалинг” ХХК  хамтран боловсруулжээ. 


Үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах буюу “Үерийн далан байгуулах” ажлын тендер сонгон шалгаруулалтад олон улсын тендерийн үнэлгээ болох ЕСБХБ-ны журмын дагуу БНХАУ-ын төрийн өмчийн “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн компани” шалгарсан байна.  


Уг үйл ажиллагааны хүрээнд хүн амын суурьшлын дээд бүсэд борооны ус хадгалах 3 усан сан, Эрдэнэт голын хөндийд  1 усан сан нийт 4 усан сан, 12.8 км-ийн урттай 8 төмөр бетон суваг бүхий үерийн далан байгуулж, үерийн хамгаалалтын сувгийн засвар үйлчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм. 


Төслийн хоёр дахь бүрэлдэхүүн гэр хорооллын усан хангамжийн сүлжээг өргөтгөх, /нэмэлтээр хотын төвийн усан хангамжийн сүлжээг сэргээн засварлах, сайжруулах/  үйл ажиллагааны үр дүнд ойролцоогоор 11000 орчим иргэний ундны ус хангамжийн сүлжээ найдвартай аюулгүй болно. Гэр хорооллын усан хангамжийн сүлжээг өргөтгөх нэмэлтээр хотын төвийн усан хангамжийн сүлжээг сэргээн засварлах сайжруулах ажлын гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК шалгараад байна.

Холбоотой мэдээ