Токиод хэт халуунтай тэмцэхийн тулд усны төлбөрийг чөлөөлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 21 /BBC/. Хэт халууны нөлөөллийг багасгах үүднээс энэ зун Токиогийн оршин суугчдыг усны хэрэглээний суурь хураамжаас чөлөөлнө гэж тус хотын захиргаа мэдэгджээ.
Дөрвөн сарын хугацаанд хэрэгжих уг шийдвэрийн хүрээнд 36 тэрбум иенийг /250 сая ам.доллар/ татаасанд зарцуулах ажээ.
Токиогийн захирагч Юрико Коикэ мэдэгдэхдээ, энэ зун нүүрлэж магадгүй хэт халууны үеэр таатай амьдрах орчныг токиочууддаа бүрдүүлэхийг хүсэж байна гэлээ.
Өнгөрсөн зун Токио хотод наранд цохиулсны улмаас 263 хүн нас барсан гэж Нийгмийн эрүүл мэндийн товчооноос мэдээлсэн байна. Тэдний дотроос олон хүн агааржуулагчгүй байсан, байсан ч гэсэн өндөр төлбөрийн улмаас түүнийг ашиглаагүй ажээ. “Амьжиргааны өртгөөс шалтгаалан хүмүүс хэт халууны үед агааржуулагчаа ашиглахгүй байх тохиолдол гарч
болзошгүй” гэж Ю.Коикэ нэмж хэлсэн байна.
Засгийн
газар усны төлбөрийг чөлөөлөх замаар Японы нийслэл
хотын оршин суугчдыг агааржуулагч гэх мэт хөргөлтийн бусад аргыг ашиглахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн зун гэртээ наранд цохиулан нас барсан хүмүүсийн 60
гаруй хувь нь агааржуулагчаа асаагаагүй байсан гэж Токиогийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлснийг “Japan Times” сонин уламжилжээ.
Токио хотод усны суурь хураамж нь ус дамжуулах хоолойн өргөнөөс хамааран сард дунджаар 860 иенээс /6 ам.доллар/ 1460 иений хооронд байдаг. Токио хот 7 сая гаруй өрхтэй, 14 сая гаруй хүн амтай болохыг засгийн газрын статистик мэдээлэл харуулж байна. Японд өнгөрсөн жил хамгийн халуун зун тохиосон юм. Тодруулбал, 6, 7, 8 дугаар сард агаарын температур 1991-2020 оны дунджаас 1.76 хэмээр өндөр байсан гэж Японы Цаг уурын агентлаг мэдээлжээ. Түүнчлэн 6-9 дүгээр сард Токиод 8000 орчим хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн нь түүхэнд үзэгдээгүй тохиолдол юм.