Хөдөлмөрийн баатар Б.Зангад “Буянт гол” дуугаа эгшиглүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:30:45

Монголд тарвас тариалдгаараа алдартай Ховд аймгийн Буянт сум байгуулагдсаны 90 жилийн ой энэ 9 сарын 04-05 өдөр болох юм.Тус сумаас олон арван алдар гавьяатан, хөдөлмөрийн баатарууд төрж гарсан алдартнуудын өлгий нутаг.

Энэ зун Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн Б.Зангад гуай нутгийн ойдоо хүрэлцэн ирсэнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан нар хүндэтгэл үзүүлж угтан авлаа.
Түүний хамт Буянт сумын 90 жилийн ойд оролцохоор нутаг усаа сэтгэл зүрхэндээ тээж явдаг нутгийн уугуул, алдар хүндтэй хүмүүс 9 сарын 2-ны өдрийн онгоцыг “эзэлж” иржээ.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангадын хамт Буянт сумын харьяат Хөдөлмөрийн баатар Данхар, гавьяат уурхайчин Цагаач, Монгол Улсын төрийн шагналт инженер зохион бүтээгч Ж.Баатархүү, Ардын хувьсгалын партизан Дамбын үр хүүхэд, алсын Америкт дипломат алба хашиж буй Б.Алтангэрэл нарын бахархан дууриах үйлстнүүд хүрэлцэн ирээд байна.

Холын цэнхэр нутгаа алс холоос зорин нутаг орноо дэлхийд алдаршуулж ирсэн эрхэм зочиддоо Ховд аймгийн хөгжил дэвшил хурдацтай хөгжиж, өгөөмөр дэлгэр сайхан намар болж байгаа гэж аймгийн удирдлагууд дуулгалаа.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангадтай уулзаж сэтгэлийн үгийг сонсоход “Ховд нутаг, нутаг усны хүүгээ яаж татдагийг би харж байна. Өнөөдөр бид баруун монголын төв төрөлх Ховд нутагтаа Буянт сумын 90 жилийн ойд оролцохоор алс хол Америкаас дипломат Б.Алтангэрэл хүүгээ дагуулан, олон сайхан алдартнуудын хамт “нэг онгоц”-нд маш олуулаа ирлээ. Бидэнд аймгийн ИТХ,ЗДТГ, Буянт засаг дарга нар зориуд цаг гарган хүндэтгэл үзүүлж байгаад хамт ирсэн хүмүүсээ төлөөлж баярлаж байна. Өнөөдөр монголын төр, нутаг ус, эх орны дөрвөн зүг найман зовхист суугаа ард түмэн, тэр тутмаа Буянт сум, Ховд аймгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэй миний хөдөлмөрийг үнэлж ”Монгол улсын Хөдөлмөрийн баатар” гэдэг эрхэм хүндтэй төрийн хишиг хүртээсэнд иргэн хүний хувьд, уугуул нутгаа сэтгэлдээ тээж, энэ их хайр хишгийг ханцуйдаа залбирч явдаг.  Хөх сэрхийн нуруунаас эх авсан Монгол алтайн салбар Буянт гол дууг 16 наснаас эхлэн 61 жил дуулж төрийн хишиг хүртсэндээ баярлаж байна.Би нутаг усаа цаг ямагт санагалзаж, энхрийлж, сэтгэлдээ тээж явдаг шүү гэдгээ хань, үр хүүхдийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье” гэлээ.
Нутаг орноос алдартан төрөхөд уул, ус, уугуул иргэд, лус савдаг хүртэл баярладаг.
Монгол түмний сүлд дуу “Буянт гол” дууг 61 жил дуулж дуун суварга бүтээсэн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад Буянт сумын 90 жилийн ойн хүндэтгэлийн концертод уянга сайхан дуугаа эгшиглүүлэхийг нутгийн зон тэсэн ядан хүлээж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд