Хоккейн ДАШТ-ий хагас шигшээд тоглох багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-23 08:00:48

СТОКХОЛЬМ, 2025 оны тавдугаар сарын 23. /ТАСС/. Данийн шигшээ баг хоккейн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтод Канадын багийг 2:1 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарч, шуугиан тарилаа. 


Данийн Хернинг хотод болсон уг тоглолтын 58, 60 дахь минутанд Данийн шигшээгийн Николай Элерс, Ник Олесен нар гоол оруулсан бол Канадын багийн Трэвис Сэнхайм 46 дахь минутанд гоолджээ.  


Ингэснээр канадчууд хоёр ДАШТ дараалан медальгүй хоцорч байна. Өнгөрсөн онд тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод Шведийн багт 2:4 харьцаагаар хожигдсон юм.


Энэ удаагийн ДАШТ-д оролцсон Канадын багийн бүрэлдэхүүнд Стэнлийн цомын 3 удаагийн аварга, Олимпын хошой аварга Сидни Кросби, Үндэсний хоккейн лигийн өнгөрсөн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч, 2022 оны Стэнлийн цомын эзэн Натан Маккиннон, 2024 оны драфтын нэг номероор шалгарсан Маклин Селебрини нар багтсан байлаа. Канадын шигшээ А хэсгээс нэгээр гарсан бол Данийн баг В хэсэгт 4-р байр эзэлсэн юм. Ташрамд дурдахад, 1949 оны ДАШТ-ий үеэр канадчууд Данийн багийг 47:0 гэсэн харьцаагаар хожиж байжээ. Канадын шигшээ баг ДАШТ-д нийт 28 удаа түрүүлснээр түүхэн дээд амжилт тогтоогоод байгаа юм.


Одоо хагас шигшээд Данийн хоккейчид Швейцарын багтай, шведчүүд АНУ-ын шигшээтэй тоглоно. Энэ хоёр тоглолт 24-ний өдөр, финалын ба хүрэл медалийн төлөөх тоглолтууд 25-нд Стокхольм хотноо болно. Шөвгийн наймд АНУ-ын шигшээ баг Финландыг 5:2-оор, швейцарчууд Австрийн багийг 6:0-ээр бутниргэснээр хагас шигшээд шалгарсан юм.


Шведийн шигшээ баг өнгөрсөн оны дэлхийн аварга Чехийн багийг 5:2 харьцаагаар хожсоноор хагас шигшээд шалгарсан байна. Стокхольм хотод болсон уг тоглолтод  Шведийн Лео Карлссон /13 ба 35 дах минут/, Лукас Рэймонд (17, 20), Филип Форсберг /56/ нар, Чехийн Роман Червенка /24/, Михал Шпачек /49/ нар гоол оруулжээ. Өнгөрсөн оны ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод чехүүд 7:3-аар Шведийн багийг хожиж байв.

 

 

Холбоотой мэдээ