ДОРНОД: Гүйлтийн спортоор “амьсгалж” байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-26 11:57:39

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дорнодын зон олон энэ өдрүүдэд гүйлтийн спортоор “амьсгалж” байна. Чойбалсан нисэх буудлын хамгаалалтын ажилтан М.Хоролжав Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Дорнодоос Улаанбаатарыг зорьж, 28 хоногийн турш 813 км зам туулан гүйсээр өчигдөр "Буянт ухаа" нисэх онгоцны буудалд хүрсэн юм.


Түүнчлэн эх орныхоо дөрвөн зүгт орших соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар Алтай таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлсэн “Таван цэг” багийнхан 51 дэх хоногтоо 2500 км замыг туулан Чойбалсан хотод ирлээ. Гүйгчид гараанаас гарснаас хойш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн 10 аймаг, гурван дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин гүйж байна.


Мөн энэ өдрүүдэд "Эвийн өргөө-Энхийн гүйлт” олон улсын галт бамбарт буухиа гүйлтийн тамирчид Чойбалсан хотноо орж ирсэн. Энэхүү гүйлт нь Монгол Улсад 16 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд 19 өдрийн турш гүйхээр төлөвлөн энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос гараагаа эхлүүлжээ. Гүйгчид нийслэлийн 2 дүүрэг, 4 аймгийн 15 сум, суурин газрын нутаг дэвсгэрээр нийт 1470 км зайг туулан галт бамбарыг буухиалах юм.

Энэ удаагийн гүйлтэд Америк, Орос, Румын улсын болон Монгол Улсын нийт 17 гүйгч оролцож байна. Тэд өнөө өглөө Хавирга боомтоор БНХАУ-ын Манжуур хот руу гарчээ.

 

Холбоотой мэдээ