Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-27 10:17:38

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Цаг уур орчны шинжилгээний газраас зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар хүйтэн байх бололтой Мөн нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар дулаан төлөвтэй. Улмаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар бороо орно.


Төвийн аймгуудын нутгаар. Хөвсгөлийн баруун, Архангай, Өвөрхангайн нутгаар хур тунадас ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөв гарчээ. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаарна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаа, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар сэрүүн байх аж. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД-аас 1-2ºС-аар дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо орох магадлалтай байна.


Зүүн аймгуудын нутгаар. Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр агаарын дундаж температур ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх аж. Сүхбаатарын өмнөд хэсгээр хур тунадас ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орно гэжээ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар сэрүүн байх аж. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаарах төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд, ихэнх нутгаар бороо орох магадлал өндөр байна.


Говийн аймгуудын нутгаар. Дорноговийн зүүн хэсгээр агаарын дундаж температур ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Өмнөговийн баруун, Говьсүмбэрийн хойд хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-2ºС-аар дулаан байх бололтой. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар сэрүүн байх төлөв гарчээ. Түүнчлэн нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо орохоор байна.


                                  Уур амьсгалын тойм

Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр сарын дундаж агаарын температур ОЖД-аар 6-12°С, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгаар 20-24°С, бусaд нутгaaр 13-19°С дулаан бaйдаг.


Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар 60-70 мм, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 10-20 мм, бусад нутгаар 20-60 мм хур тунадас ордог.


Агаарын дундаж температур 1980-1999, 2012-2016 онд дараалан ОЖД-аас хүйтэн, 2000-2014, 2017-2019, 2022-2024 онд дараалан ОЖД-аас дулаан байжээ. Харин 1983 оны 6-р сард ОЖД-аас 3°С-аар хүйтэн байсан нь 1979 оноос хойш тохиолдсон хамгийн хүйтэн, 2017 оны 6-р сард ОЖД-аас 2°С-аар дулаан буюу түүхэн дэх хамгийн дулаан сар болж өнгөрсөн байна.


Хур тунадас 1979-1982, 1995-2007, 2017-2020 онуудад дараалан ОЖД-аас бага, 1983-1986, 1988-1991, 2011-2016 онд ОЖД-аас харьцангуй ахиу бороо оржээ. Нийт нутгийн дунджаар 2017 онд ОЖД-аас 15 мм-ээр бага тунадас орсон хамгийн хуурай 6 дугаар сар болсон, 1994 онд ОЖД-аас 26 мм-ээр ахиу тунадас орсон нь 1979 оноос хойших хамгийн ахиу тунадастай 6 дугаар сар болон тэмдэглэгджээ.


Энэ сард агаарын температур ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас нутгийн зүүн хойд болон баруун өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн, бага зэргийн тунадастай, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн байх бололтой. Гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадастай байна. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг малчид, тариаланчид, ард иргэддээ анхааруулжээ.

Холбоотой мэдээ