Кристофер П.Этвүүд: "Монголын нууц товчоо"-г америк уншигчдад ойлгомжтой байдлаар хүргэхийг хүссэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-28 18:00:34

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Америкийн Монгол судлалын төвийн урилгаар Пенсильванийн их сургуулийн Зүүн Азийн хэл, соёл иргэншлийн тэнхимийн эрхлэгч, нэрт монгол судлаач Кристофер П.Этвүүд “Эзэнт гүрний түүхийг орчуулахуй: Монголын нууц товчоо ба монгол судлалын ирээдүй” сэдвээр өчигдөр лекц уншив.


Профессор П.Этвүүд Монголын эзэнт гүрэн, монголын шинэ түүх болон монголчуудын түүх бичлэг, нүүдэл зүйн онолын асуудлаар зонхилон судалсан, өрнөдийн монгол судлалын тэргүүлэх судлаачдын нэг юм. Тэрбээр 1911-1931 оны  Өвөрмонголын хувьсгалт хөдөлгөөний талаарх хоёр боть, түүхийн бүхий л үеийг хамруулсан “Монголчууд ба Монголын эзэнт гүрний нэвтэрхий толь” бүтээлийг хэвлүүлжээ. Харин Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвд болсон энэ удаагийн лекцдээ 2023 онд англи хэлнээ хөрвүүлсэн “Монголын нууц товчоо” болон монгол судлалын цаашдын хөгжлийн талаар онцлон ярьсан юм. 


Тэрбээр, "Монголын нууц товчоо"-г утга зохиолын талаас нь америк уншигчдад ойлгомжтой байдлаар хүргэхийг хүссэн. Ингэхдээ ихэвчлэн ярианы англи хэлийг ашигласан. Шүлэглэсэн хэсэг, хуучны үг хэллэгийг орчуулахад нэлээд хэцүү байсан. Гэхдээ энэ нь томоохон хэмжээний судалгааны бүтээл болсон гэж хэлж болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан,Би энэ хүнийг 1989 оноос хойш мэднэ. Кристофер П.Этвүүд бол Монголын түүх соёл, хэл, судлалыг олон улсад таниулах, монгол судлаачдыг бэлтгэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа эрдэмтэн. Түүний өмнөх судалгаанууд ихэвчлэн XX зууны үеийнх байсан бол сүүлийн жилүүдэд XIII зууны судлал руу орж байгаа нь харагдаж байна. Тэрээр Монголын эзэнт гүрний талаар томоохон тайлбар хийж, үүндээ түшиглэн “Монголын нууц товчоо”-г орчуулсан. Мэдээж XIII зууныг судалдаг алдартай судлаачдын ажилтай хэр дүйцэх вэ гэдгээс илүүтэй, хамгийн гол нь орчин үеийн монгол судлаачдад энэ түүхийг англиар таниулж байгаа нь чухал ач холбогдолтой. Энэ ч утгаараа онцгой бүтээл болсон гэж бодож байна” хэмээн ярьсан юм. 

 

Монгол судлаач, эрдэмтэн Кристофер П.Этвүүдийн монгол судлалд оруулсан хувь нэмрийг үнэлж, МУИС-ийн "Хүндэт доктор" цолыг 2019 онд олгожээ.





 


Холбоотой мэдээ