БУЛГАН: Виртуал музей нүүдлээр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-06-03 11:10:54

Булган, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орон нутаг судлах музей хүүхэд багачуудад зориулсан боловсролын хөтөлбөрийг хамгийн сонирхолтой хэлбэрээр буюу ахлах ангийнханд-Бүтээлч явган аялал, дунд ангийнханд-Виртуал контент, бага насныханд-Амьтдын тэнхим үзүүлж дэлгэрэнгүй тайлбарлаж, хамтран тоглож, тэдний очих дуртай газар болсон байна. 


Ерөнхий боловсролын I сургуулийн 10 дугаар ангийн 100 гаруй сурагч "Соёлын биет өв"-ийг таниулах явган аялал хийлээ. Явган аялалд Ч.Сарантуяа багштай 10а, О.Дүүрэнжаргал багштай 10б, О.Биндэръяа багштай 10в, Ц.Мөнгөнтуяа багштай 10г, Б.Бямбасүрэн багштай 10д анги хамрагдсан байна.


Явган аяллын төгсгөлд сурагчдын дунд танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн, АХА зохион байгуулж, 10в ангийн Ч.Энэрэл тэргүүн байр, 10а ангийн О.Цэлмэгмаа дэд байрт орсон бол "Эрдэнэсийн эрэлд" хөгжөөнт тэмцээнд 10в ангийн Б.Отгонзаяа, үйлдэл дуурайх тэмцээнд 10г ангийн М.Амин-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.


Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Б.Болормаа багштай 5б ангийн 32 сурагч музейтэй танилцан, виртуал контент үзэж, явган аялал хийсэн байна. Хутаг-Өндөр сум аймгийн төвөөс 150 км зайтай бөгөөд түүх, соёлын өвтэй танилцах ажлыг эцэг эхчүүд, АУБ хамтран зохион байгуулсан байна.


Виртуал музей нь байгууллага, хамт олны захиалга авч нүүдлээр ажилладаг юм.


Аймгийн музейн виртуал төхөөрөмжөөр Булган аймгийн байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газрууд мөн нарны аймгийн систем, дэлхийн хамгийн том амьтад, Монгол орны сүм хийд, гол мөрөн, Монголын нууц товчоо гэх мэт 24 төрлийн 60-аад контентоор аялдаг ажээ. 


"Монголчуудын уламжлалт уяа зангилаа" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй "Тооно туших, товч зангидах" боловсролын хөтөлбөрт дунд, ахлах ангийн сурагчид хамрагдаж байна. Заасан хөтөлбөрийн дагуу "Хэн хурдан, зөв товч зангидах вэ?" уралдаан зохиож, түрүүлсэн суралцагчдыг виртуал контент үзэх эрхээр шагнажээ.

 











Холбоотой мэдээ