ЗАВХАН: Аймгийн нийт нутгийн 90 гаруй хувь нь түймрийн эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-04 15:46:51

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх нутгаар галын аюултай хуурайшилтын зэрэглэлд байна. Тиймээс ойн болон объектын түймрээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.


Зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаар Завхан аймгийн нийт сумын 90 гаруй хувь нь түймрийн эрсдэл нэн аюултай буюу /IV зэрэг/ зэрэглэлд байна.


Аймгийн 24 сумын 17 нь хуурайшилтын зэрэг нэн аюултай зэрэглэлд байна. Эдгээрээс Улиастай, Цагаанчулуут, Идэр, Яруу, Алдархаан, Сонгино, Тэс зэрэг сум хамгийн эрсдэл ихтэй бүсэд багтаж байна. Учир нь эдгээр сумдад ой, хээрийн түймэр гарах эрсдэл маш их байна. 


Түймрийн эрсдэл өндөр /III зэрэг/ зэрэглэлд Тосонцэнгэл, Тэлмэн, Шилүүстэй сумууд байна. Түймрийн эрсдэл дунд буюу /II зэрэг/ харьцангуй бага эрсдэлтэй нь Нөмрөг, Отгон сум байна. Түймрийн аюул багатай буюу хамгийн бага эрсдэлтэй сум одоогоор байхгүй байна.


Тиймээс иргэдийг ой, хээрийн бүсэд гал гаргахгүй байхыг хатуу анхааруулж байна. Мөн хуурайшилттай энэ үед ил задгай гал, тамхи шидэх, үнс нурмаа ил задгай хаяхыг хатуу хориглоно. Сум, багийн түвшинд түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт, пост хяналтыг идэвхжүүлэн ажиллахыг анхааруулж байна.


Түймрээс сэргийлэх нь бид бүгдийн хариуцлага. Тиймээс иргэн бүр анхаарал болгоомжтой аялж зугаалах, ялангуяа ойн бүсэд явахдаа бусдад анхааруулга өгч, харилцан хяналттай байхыг сануулж байна.


Завхан аймаг ойн сан бүхий газар нутаг, талбайн хэмжээгээрээ улсад зургаадугаарт ордог. Монгол Улсын ойн сангийн хэмжээ 18.6 сая га, үүнээс Завхан аймгийн ойн сан 732 035 га, хамгаалалтын бүсийн ой 73 хувь, ашиглалтын бүсийн 27 хувийг эзэлдэг. Монгол орны ойрхог чанар 8 хувь бол Завхан аймгийн ойрхог чанар 5,6 хувь юм. Ойн сангийн талбайн хэмжээгээр Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Булган аймгийн дараа ордог. 


Тиймээс дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн сан хөмрөгийг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь хүн бүрийн үүрэг юм. Нэг л хүний санамсар болгоомжгүй үйлдлээс ойн түймэр гардаг. Ойн болон объектын түймрийн улмаас маш их хэмжээний хохирлыг амсдаг. Ялангуяа ойн түймрийн ул мөрийг арилгаж, дахин сэргээхэд маш их цаг хугацаа ордог учир түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг дахин сануулж, зөвлөж байна гэж аймгийн Байгаль орчны газраас анхааруулж байна. 


Холбоотой мэдээ