СЭЛЭНГЭ: Охидын код бичих хөтөлбөрт 10а ангийн сурагч П.Бэрцэцэг тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-05 18:05:35

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Охидын код бичих хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч П.Бэрцэцэг тэнцжээ.


Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилттэй үсрэнгүй хөгжиж буй технологийн салбарт хүйсийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой юм.  


Код бичих охидын хөтөлбөр нь охидод стем шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик чиглэлээр ур чадвар олгох юм.


Мөн практик дээр код бичиж сурахаас гадна англи хэл, салбартаа манлайлж буй залуусаас суралцах боломжийг олгодгоороо онцлогтой хөтөлбөр юм.

 

П.Бэрцэцэгийн чиглүүлэгч багшаар англи хэлний багш Э.Оюумаа ажилласан байна.


Хөтөлбөрийн элсэлт 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 20 хүртэл явагджээ. Монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй охидыг энэхүү хөтөлбөрт хамрагдахыг урьж байгаа нь хөтөлбөрийн онцлог юм.

 

Код бичих охидын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд алслагдсан орон нутагт амьдарч буй 110 охинд мэдээллийн технологийн боловсрол олгожээ. Тэд өнөөдөр нэр хүндтэй дотоод, гадаадын их сургуульд тэтгэлгээр суралцаж, олон улсын шинж чанартай код бичих уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа юм.

 

ЮНЕСКО-гийн сүүлийн үеийн тайлангаар дэлхийн технологийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь ердөө 26 хувь байдаг бол Монголд энэхүү зөрүү бүр илүү тод ажиглагдаж, стем чиглэлээр ажиллаж буй хүмүүсийн дөнгөж 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.

 

Иймд гирлс код хөтөлбөр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран дээрх тэгш бус байдлыг бууруулж, монгол охидыг дижитал шилжилтийн эрин үеийн бүтээлч, оролцогч, манлайлагч болгох. Мөн охидод хөрөнгө оруулснаар илүү хүртээмжтэй, шинэлэг бөгөөд цэцэглэн хөгжсөн ирээдүйг бүтээнэ хэмээн үзсэн байна.

 

Мөн код бичих охидын хөтөлбөр нь мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбар дахь жендэрийн тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, цахим хуваагдлыг арилгах зорилготой, Монгол улсдаа анхдагч ашгийн бус санаачилга юм.

 

Ирээдүйн программ хангамжийн инженерүүдийг бэлтгэдэг тус хөтөлбөр зүгээр нэг кодчиллын сургалт төдий зүйл биш, нийгэмд өөрчлөлтийг түүчээлэх том хүчин зүйл юм.

 

НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 190 гаруй улс оронд хүүхдүүдийн амь насыг хамгаалах, тэдний эрхийг хангах, бага наснаас өсвөр үе хүртэлх бүрэн боломжоо нээхэд нь тусалж ажилладаг байна.

Холбоотой мэдээ