Temu-гийн АНУ дахь борлуулалтын орлого огцом буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-06-05 16:04:26

НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 5 /Kazinform/. Хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнийг санал болгодог “Temu” цахим дэлгүүрийг эзэмшдэг “PDD Holdings” компанийн АНУ дахь борлуулалтын орлого өнгөрсөн улиралд 40 шахам хувиар буурчээ.


Тус компанийн тайланд дурдсанаар, энэ оны эхний улиралд АНУ-ын зах зээлээс 2.22 тэрбум ам.долларын ашиг олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 38 хувиар буурчээ. Орлого ийнхүү огцом буурсан нь Д.Трампын засаг захиргаанаас нэвтрүүлсэн татвартай холбоотой гэж зарим шинжээчид тайлбарлаж байна.


Энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “de minimis” гэж нэрлэдэг хуулийг хүчингүй болгосон бөгөөд уг хуулийн дагуу 800 ам.доллароос доош үнэтэй илгээмжийг татвар, хураамжгүйгээр оруулах боломжтой байв. Үүний дараа Д.Трампын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг огцом нэмэгдүүлж, 145 хувьд хүргэсэн юм. Temu үүний хариуд АНУ-ын нутаг дэвсгэрт Хятадаас шууд нийлүүлдэг барааг худалдахгүй байхаар шийдвэрлэжээ. Тус платформын удирдлага Америкийн хэрэглэгчдэд зөвхөн тус улс дахь агуулахуудад хадгалагдаж буй бараануудыг санал болгоно гэж мэдэгдсэн байна.


"PDD Holdings" компанийг үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирлын үүргийг хамтран гүйцэтгэгч Ли Чэний мэдээлснээр, Хятадын дотоодын зах зээл дээрх өрсөлдөөн эрс нэмэгдсэн нь "Temu"-гийн ашиг огцом буурахад мөн нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ