МОНЦАМЭ агентлаг Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Цагдаагийн ерөнхий газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж
бичигт МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн
дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир гарын үсэг зурсан юм.
Санамж бичиг
байгуулснаар гадаадын иргэд Монголд зорчих аюулгүй байдлыг хангахад чиглэсэн
мэдээллийг сайтынхаа “Аюулгүй аялцгаая” буландаа тавьж байгаа. Удахгүй олон
хэлээр гаргадаг сонин бүрдээ энэ булангаа нээнэ. Мөн “102 Рolice” аппликэйшний талаарх зөвлөгөөг англи хэлээрх “Өнөөдрийн монгол” (Mongolia today), англи, монгол хэлээрх “Амин монгол” (Mongol
Identity) сэтгүүлдээ тавина. Үүнээс
гадна сүүлийн үед иргэд хамгийн ихээр өртөөд буй цахим залилангаас сэрэмжлүүлэх мэдээ
мэдээллийг бэлтгэхэд ч хамтарч ажиллах"-аа МОНЦАМЭ агентлагийн
дарга Э.Содонтогос тэмдэглэлээ.
Хоёр байгууллага
тодорхой хугацаанд хамтран ажиллаад үр дүн гарсан тул цаашид гэмт хэргийг
таслан зогсоохоос гадна урьдчилан сэргийлэхэд нэлээн ахиц гарна гэж итгэж
байгааг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал
Ц.Ням-Очир тодотгоод, “Гэмт хэргийн чиг хандлага өөрчлөгдөж, уламжлалт
гэмт хэрэг улс орон, үндэстэн дамжин гарч байгаа тул хамтран ажилласнаар үр
дүнгээ тооцож, төр засагт танилцууулах нь зүйтэй” гэв.
МОНЦАМЭ агентлаг
нь Монгол Улсыг дэлхийд сурталчлах, дэлхий дахины мэдээллийг
монголчуудад хүргэх шуурхай, баталгаатай эх сурвалж юм. Эх орноо олон улсад сурталчлах
үүргээ биелүүлж, босоо монгол бичиг, орос, хятад, япон, англи хэлээр
7 хоног тутмын “Хүмүүн бичиг”, “Новости Монголии”, “Мэнгу сяосибао”,
“Монгору Цушин”, “The Mongol Messenger сонин, улирал тутам “Mongolia
Today” сэтгүүлийг англи хэлээр гаргаж, мэдээллийн www.montsame.mn цахим
хуудас ажиллуулдаг. Ирэх намраас солонгос хэлээр
сонин гаргахаар шинэ редакц нээх юм. Ази, Номхон
далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага
(ОАNА)-ын гишүүний хувьд тус байгууллагын гишүүн агентлагуудтай тогтмол
мэдээлэл солилцож, Монголд болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг өдөр тутам
ОАNА-н мэдээллийн нэгдсэн сан /www.oananews.org/-д
нийлүүлдэг.
Мөн ОХУ-ын ТАСС, РТ, БНХАУ-ын Синьхуа, Их Британийн
Ройтерс, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, Японы Киодо Цушин,
БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн
дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын
Мер, Италийн АНЗА, Бельгийн Дипломат ворлд, Узбекистаны УзА, БНАСАУ-ын
Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны
гэрээ байгуулан, мэдээ, мэдээлэл солилцож, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнаа
харилцан айлчлуулж туршлага солилцдог юм.
Цагдаагийн ерөнхий газар нь Монгол төрийн ууган байгууллагын нэг. Ардын Засгийн газрын 1921 оны хурлаар ард түмний амь бие, эд хөрөнгөд халдагсадтай тэмцэх, хэв журам, энх амгалан байдлыг сахиулах үүрэг бүхий “Сэргийлэх цэргийн салаа” байгуулсан нь шинэ үеийн Цагдаагийн байгууллага болсон. Гадаад харилцаагаа хөгжүүлж, 1991 онд олон улсын цагдаагийн байгууллага “Интерпол”-д гишүүнээр элсэж, дэлхийн улс орнуудын адил чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллагатай харилцаа, хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. УИХ-аар 1993 онд “Цагдаагийн байгууллагын тухай хууль” баталсан нь үйл ажиллагаагаа хуулийг дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмаар явуулах эрх зүйн үндэс бүрдэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий төрийн захиргааны бие даасан байгууллага болсон билээ.