З.Батжаргал: Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад “Тэрбум мод” хөдөлгөөн хамгийн ач холбогдолтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Энэ үеэр уур амьсгал судлаач З.Батжаргалаас уур амьсгалын өөрчлөлт болон “Тэрбум мод” хөдөлгөөний талаар тодрууллаа.
-“Уур амьсгалын
өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалтын ач холбогдлыг та юу гэж хэлэх вэ?
-Хурлаар уур
амьсгалын өөрчлөлтийг хөндөж байна. Монгол Улс даяар “Тэрбум мод” хөдөлгөөнийг төр
манлайлан, иргэд аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн бүр оролцож байна. Ярих
нэг хэрэг, төлөвлөх өөр хэрэг, газар дээрээ юу болж байгаа нь бүр ч чухал
асуудал юм. “Тэрбум мод” хөдөлгөөнийг зарлахдаа хүлэмжийн хийг шингээх
тал дээр ач холбогдол өгч байсан.
Нарийн яривал уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалж, хуурайшилт тэр тусмаа манай
орны газар нутагт орсон хур тунадас эргээд уурших ууршилтыг сааруулах,
ургамлын нөмрөгийн тухай, ой, бут сөөг, өвс ургамал гэхчлэн бүх л зүйлд хамаатай болж байгаа юм. Уур
амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд
дасан зохицох, ялангуяа монгол орны уур амьсгалын хамгийн онцгой
нэг зүйл нь эдийн засгийн бүх
салбар, хүн ардын амьдралд сөрөг нөлөө үзүүлэх хуурайшилтыг сөрөхөд хамгийн их ач холбогдолтой
хөдөлгөөн юм.
-Мэргэжлийн хүний
хувьд Монгол оронд уур амьсгалын өөрчлөлт хэр хурдацтай байна гэж та боддог вэ?
-Уур амьсгалын
өөрчлөлтийг Монгол орны газар
нутагт агаарын дундаж температур
хэр зэрэг нэмэгдэж, дулаарснаар илэрхийлдэг.
Сүүлийн 80 гаруй жилд хур
тунадасны хэмжээ 7-8 хувиар багасаж, агаарын температур дунджаар 2.55
хэмээр дулаарсан. Энэ нь дэлхийн
дунджаас хурдан байна гэж үзэж байгаа.
Дэлхийн агаарын дундаж температурыг 2030
он гэхэд 1.5 градусаас дээш гаргахгүй
гэж зорьж байтал одоогоор 1.55
градусаар нэмэгдэж, аль хэдийн зорилтоосоо давчихлаа. Гэхдээ дэлхийн дундаж
монголынхоос өөр л дөө. Ганц монголд
биш дэлхийн бөмбөрцгийн хүйтэн уур
амьсгалтай газарт температур нэмэгдэж, хурдан дулаарах байдал
ажиглагдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалан байгалийн гамшгийн тоо нэмэгдэж байгаа шүү дээ.
Манай улс хүлэмжийн хийг 14 хувь багасгах зорилго тавьсан. Ургамлын нөмрөгөө нэмбэл
хүлэмжийн хийг 33-34 хувиар багасгах
боломжтой. Харин биднээс хамаарахгүй нэг аюул бол уур амьсгалын
өөрчлөлт. Үүний шалтгаан нь
агаарт ялгаруулж буй хүлэмжийн хий. Манай улсын ялгаруулдаг хүлэмжийн хийн
хэмжээ маш бага ч нэг хүнд, нэг бүтээгдэхүүнд ногдох хэмжээгээрээ бусад улс орноос дээгүүр байдаг.
-“Тэрбум мод”
хөдөлгөөн өрнүүлснээр 86 сая гаруй мод тарьж ургуулаад байна. Та энэ хөдөлгөөнд
хэрхэн оролцож байна вэ?
-Монголд мод
тарих амар биш. Хаа сайгүй тарихад
тэр бүр ургахгүй. Тарьсан модоо арчлах, услах, наанадаж малын хөлөөс хамгаалахаас эхлээд ажил их ч “Тэрбум мод” хөдөлгөөн
урагштай явж байгаа гэж боддог. Мэргэжлээсээ хамаараад би хувьдаа ургаж болох бүх ургамлыг монголд тарих ёстой гэж үздэг хүний нэг. Гэхдээ
бүгдийг нь хаа хамаагүй тарьж
болохгүй. Учир нь харь ургамал гэж байдаг. Харь ургамлыг ихээр оруулж ирж тарьвал нутгийн унаган, уугуул ургамлыг түрээд, бэлчээрийн мал, амьтныг өвс тэжээлгүй, идэх
юмгүй болгох эрсдэлтэй. Тэжээл болдог ургамлыг түрж болохгүй. Тиймээс эдийн засгийн агуулга болон хөрсийг
бэхжүүлэх гэх мэт бусад талын ач
холбогдлыг нь харгалзаж ургуулах
хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тарьсан
мод маань ямар ач холбогдол өгөх вэ гэж байгаль экологи, хүн ардын
амьдралд тустай талыг нь
бодох хэрэгтэй.
-Ер нь Монгол
орны хөрс, цаг агаарт ямар төрлийн мод бут тарих нь тохиромжтой юм бол?
-Хамгийн түрүүнд тухайн
газар нутагт ургадаг нутгийн
унаган ургамлуудыг голлож тарих ёстой. Тэгэхдээ ямар зорилгоор тарьж байгаагаас их зүйл хамаарна. Тариалангийн талбайд
салхи хаах, замын хажууд
хаалт болгох, хот суурин
газарт чимэг болгож тарих зэргээс хамаараад өөр өөр мод бут байх юм. Тиймээс мод тарих ажлыг бодлогоор, мэргэжлийн
хүмүүсийн оролцоотой, нэг ёсондоо шинжэх
ухааны үндэслэлтэй хийх ёстой. Энд
тэндгүй дуртай модоо суулгаад орхиод байвал үр дүнгүй. Харин орон нутагт мэргэжлийн биш хэрнээ сайн дураараа мод тарьж, туршлага хуримтлуулаад үр бүтээлтэй явж байгаа олон хүн бий. Тэдний сайн туршлагыг
нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох,
заавар зөвлөгөө өгүүлэх л амьдралд хамгийн бодит үр дүнтэй ажил гэж бодож
байна.