Олон улсын байгууллагууд Монголын парламентад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-12 10:02:50

БЕРЛИН. /Uncaccoalition/. Иргэний нийгмийн 300 гаруй байгууллагын төлөөллөөс бүрдсэн олон улсын шүхэр байгууллага болох НҮБ-ын Авлигатай тэмцэх конвенцын эвсэл болон олон улсын авлигатай тэмцэх “Transparency International” байгууллагаас авлигын хэргээр шалгагдаж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх тухай шинэ хуулиас татгалзахыг Монголын парламентад уриаллаа.

Энэ шинэ хууль батлагдсанаар Монголын Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа 55 хүнд холбогдох хэргийн 45 нь хүчингүй болж, өршөөлд хамрагдах юм. Дээрх сэжигтнүүдтэй холбоотой 32 тэрбум төгрөг буюу 16.2 сая долларын авлигын хэргийг шалгаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн болон “Transparency International” байгууллагын шахалтаар наймдугаар сард уг өршөөлийн хуульд хориг тавьсан боловч 10 дугаар сарын 1-нд хуулийн шинэ төслийг хэлэлцүүлэхээр УИХ-д дахин өргөн барьжээ.

"Энэ бол ялаас зайлсхийх гэсэн улстөрчдийн бусармаг оролдлого юм. Авлигын хэрэгт холбогдсон хүн болгоныг шалгах ёстой.  Монголын Засгийн газар уг хуулийг нэн даруй баталж, олон улсын хэл амны бай болох хүсэлгүй байгаа гэж бид үзэж байна" гэж “Transparency International” байгууллагын тэргүүн Хосе Угас мэдэгдэв.

"Монгол нь НҮБ-ын Авлигатай тэмцэх конвенцид нэгдсэн улс бөгөөд тус улсын хууль сахиулах тогтолцооны талаарх ноцтой асуудал конвенцын анхаарлыг ихээхэн татаж байна. Хэрвээ энэ хууль батлагдвал Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын нэр хүнд улам бүр хөндөгдөх болно" гэж НҮБ-ын Авлигатай тэмцэх конвенцын эвслийн тэргүүн Мансур Хасан мэдэгджээ.

“Transparency International” хөдөлгөөн өнгөрсөн есдүгээр сард болсон жил тутмын хуралдааныхаа үеэр ял шийтгэлээс зайлсхийх хуулийг батлахаас татгалзаж, олон улсын авлигатай тэмцэх конвенцид заасан чанга, ил тод заалтуудыг баримтлахыг Монгол болон Тунис улсаас хүсчээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ