Цас хунгарладаг газруудад ажлын хэсэг байнга ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙӨнгөрсөн баасан гарагт Архангай аймгийн Засаг даргын зөвлөл 71,4 хувийн ирцтэйгээр хуралдаж, төв суурин газрын болон ХАА-н салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай ажлын тайлантай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 480 дугаар тогтоолоор өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Архангай аймагт Засгийн газрын нөөцөөс 120 сая төгрөг хуваарилсаны 96 сая төгрөгийг нийлүүлж, 24 сая төгрөг дутуу байгаа юм байна. Аймгийн нөөцөд тэжээл авах мөнгөгүй. Өвсний үнэ өдрөөс өдөрт өсөөд байгаа талаар Хүнс, ХАА, ЖДҮ-газрын дарга П.Гомбодорж мэдээлж, Эрдэнэбулган сумын хэмжээнд дулаан, эрчим хүч, СӨХ-дын асуудлууд дээр эргэлт хийж ажиллахыг чухалчиллаа.
СӨХ-дын өвөлжилтийн бэлтгэлийн дундаж хувь нь 89 аж. Аймгийн хэмжээнд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 93,1 хувьтай, малын өвөлжилтийн бэлтгэл 88,6 хувьтай байна. Өнөөдрийн байдлаар, Цэцэрлэг хотын 9 уурын зууханд 1800 тн нүүрс талбайд бүрэн буусан ба 80 хоногийн нөөцтэй гэж мэдээлэв.
Сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн хувьд түргэн тусламжийн авто машины бэлэн байдал 73 хувьтай бөгөөд Өгийнуур, Хотонт, Булган, Төвшрүүлэх, Хашаат сумын яаралтай тусламжийн автомашины гүйлтийн норм дуусч ашиглах боломжгүй талаар ЭМГ-т албан тоот ирүүлжээ. Булган сумын халаалтын тогоо нь завсар үйлчилгээ хийгээд ч цаашид ашиглах боломжгүйгээр цоорчээ. Энэ мэтчилэн дутуу дулимаг ажил цөөнгүй аж. Отор нүүдлийн асуудал МАА-н салбарт хамгийн тулгамдсан хэвээр байна.
Өвөлжилтийн бэлтгэл 88,6-93,1 хувиар хангагджээ
“2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд халаалтын 4,14, 13,6 дугаар зууханд шинээр БЗУИ-100 маркын 420-500 сая төгрөгийн өртөг бүхий зуух барьж уурын зуухны хүчин чадлыг нэмэгдүүллээ”-гэж Цэцэрлэг хотыг дулаанаар хангадаг “Эх голомтын илч” ХХК-ий ерөнхий захирал Ч.Өсөхбаяр хэллээ
Мөн халаалтын дулаан дамжуулах төв болох есөн уурын зуухны сэлбэг тоног төхөөрөмжүүдийг шинээр сольж, орон сууцны халаалтыг сайжруулах зорилгоор хоёрдугаар 48 айлын орон сууцны оруулгын ф80мм-ын 40 метр халаалтын шугам, хоёрдугаар зуухны өргөтгөл 136 метр шугмыг ф200мм-ын хоолойгоор тус тус шинээр сольсноор хүйтэн цагт хэвийн жигд горимоор ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. 2016 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар, бүх зуухандаа 1800 тонн нззрс буулгаж, 80 хоногийн нөөцтэйгээр өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангасан байна.
Дашрамд өгүүлэхэд, Цэцэрлэг хотод баригдах дулааны станцыг “Эх голомтын илч” ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарчээ.
Зарим эмнэлэг сургууль цэцэрлэгийн хувьд өвлийн хүйтнийг давахад хүндрэлтэй байна
Өгийнуур, Булган, Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн нам даралтын зуухны хэвийн ажиллагаа алдагдаж, тогоо нь хагарчээ.
Хангай сумын хүүхдийн цэцэрлэгийн барилга хэвийн ажиллагаа явуулах боломжгүй гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргасан учир хүүхдүүд таван гэрт хүмүүжиж байна. Хашаат, Цэцэрлэг сумын соёлын төвийн барилга ч гэсэн хэвийн ажиллах тэнхээгүй болжээ. Чулуут сумын сургууль 7,5 квт-ын насосны могой сальникны гол, босоо жанам ажилгаагүй болсон байна. Батцэнгэл сумын уурын зуухны тогоо, насос, Өлзийт сумын цэцэрлэгийн цахилгааны хэрэглэл, Ихтамир, Чулуут сумын соёлын төвд уурын зуухны тогоо насос, жанамыг солих шаардлагатай ч мөнгө төгрөгийн гачааллаас болж, явцгүй болсон аж.
2016 оны хувьд, УИХ, орон нутгийн сонгууль болж олон байгууллагын удирдлага солигдсоноос гадна боловсрол, эрүүл мэндийн салбарын алсагдсан хөдөө нутгийн анхан шатны байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарын санаачлага сул, мэдлэг чадвар нимгэн нь ч ажил цалгардахад нөлөөлсөн болов уу-гэж ЗДТГ-ын мэргэжилтнүүд үзэж байна.
Цэцэрлэг хотын замын хучилтын засвар бүрэн хийгдсэн
Эрдэнэбулган сумын ЗДТГ-тай байгуулсан гэрээнийхээ хугацаанд “Архангай -АЗЗА”төрийн өмчит компани Цэцэрлэг хотын орон нутгийн чанартай автозамын хучилтанд гарсан нүхийг засварлаж, Бортолгойн нэг ба хоёрдугаар гудамжны үзүүр, Батномгон дэлгүүрийн баруун талд хайрга хийж тэгшлэн, Бортолгойн 6 дугаар гудамжны замын хажуугийн асгасан хайргыг далан болгов.
Түүнчлэн 39,2 хавтгай дөрвөлжин метр афальто бетон замын хучилтыг засварлаж, 120 шоометр хайрга тээвэрлэж далан байгууллаа. Бор толгойн 49-50 дугаар гудамжинд асгасан хайргыг тараан тэгшилсэн байна. Ингэснээр аюулгүй зорчих нөхцөл бий боллоо.
Өвөл цас хунгарладаг газруудад ажлын хэсэг байнга ажиллана
“Архангай -АЗЗА”-төрийн өмчит хувьцаат компани өвөл цас хунгарлаж хот хоорондын болон орон нутгийн зам хаагддаг газрын судалгааг гаргаж, иргэдийн хүсэлтээр 2016-2017 оны өвлөөс эхлэн шуурхай ажлын хэсгийг байнга ажиллуулах бэлтгэлийг хангажээ.
Юуны түрүүнд, Цагаан даваа, Тариат сумын төв, Өндөр-Улаан сумын Хануй багийг сонгож авч, машин механизм хүн хүчийг татан байрлуулжээ. Ингэснээр өвлийн цагт зорчигчдын ая тухыг сайжруулах аж.
Л.Булган