АНУ Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 22 /BBC/. АНУ-ын Агаарын цэргийн хүчин Ираны Фордо, Исфахан, Натанз хотууд дахь цөмийн байгууламжуудад бямба гаргийн орой цохилт өгсөн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
"Бид Фордо, Натанз, Исфахан дахь Ираны гурван цөмийн байгууламж руу хийсэн довтолгоогоо амжилттай дуусгалаа. Одоо бүх онгоц Ираны агаарын орон зайгаас гарсан" гэж тэрбээр “Truth Social” нийгмийн сүлжээндээ бичсэн байна.
Ираны цөмийн хөтөлбөрийн гол байгууламжууд болох эдгээр байгууламж руу хийсэн довтолгоонд АНУ-ын B-2 бөмбөгдөгч онгоцууд оролцсон гэж "Reuters" агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. Бөмбөгдөгч онгоцуудыг бямба гарагт Иранд ойртуулан байрлуулсан байна.
Зөвхөн эдгээр бөмбөгдөгч онгоц нь газар доор гүн байрлалтай байг устгахад зориулагдсан 13 тонн жинтэй "GBU-57" бөмбөгийг тээх чадалтай юм. Фордо бол Ираны цөмийн хөтөлбөрийн хамгийн чанга хамгаалалттай байгууламж бөгөөд өмнө нь шинжээчид уг байгууламжийг "GBU-57" бөмбөгөөр л устгах боломжтой гэж мэдээлж байв.
Харин Ираны тал АНУ-ын бөмбөгдсөн гурван объектыг бүгдийг нь урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан гэж мэдэгджээ. Тус улсын төрийн телевизийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогч захирал Хасан Абедини шууд нэвтрүүлгээр хэлэхдээ, "хэсэг хугацааны өмнө" эдгээр гурван байгууламжийг нүүлгэн шилжүүлсэн байсан гэсэн байна. Абедини мөн "материалуудыг аль хэдийн гаргасан байсан тул Иран ноцтой хохирол амсаагүй" гэж мэдэгджээ.