СЭЛЭНГЭ: Сайхан суманд дахин санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-23 11:28:27

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг амжилттай зохион байгууллаа.

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд Сэлэнгэ аймгаас нийт 26 нэр дэвшигч, 11 мандатын төлөө өрсөлдсөн.

 

Тодруулбал, Алтанбулаг, Баруунбүрэн, Орхонтуул, Жавхлант, Сүхбаатар, Сайхан, Шаамар суманд нөхөн сонгууль болсон бөгөөд МАН-аас 11, АН-аас 10, Хүн намаас 1, бие даагч 4 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд Алтанбулаг суманд 2, Баруунбүрэн 1, Орхонтуул 2, Жавхлант 1, Сүхбаатар 1, Сайхан 2, Шаамар суманд 1 нэр дэвшигч өрсөлдлөө.

 

Тус аймгийн Сайхан сумын тухайд 3 мандатын төлөө 2 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын эцсийн дүнгээр 412 хүний саналаар МАН-аас нэр дэвшигч Ц.Ганцэцэг ялалт байгуулж, 232 хүний саналаар АН-аас нэр дэвшигч Д.Должин, МАН-аас нэр дэвшигч Х.Угтахбаяр, АН-аас нэр дэвшигч Ж.Өлзийжаргал нар 235 хүний саналаар тэнцсэн байна.

 

Иймээс сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 28-ны өдөр дахин санал хураалтыг явуулахаар боллоо.

 

Сэлэнгэ аймгийн тухайд аймаг, Нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг зохион байгуулах ажилд нийт 156 төрийн албан хаагч ажиллалаа.

Холбоотой мэдээ