“Дотуур байр-хүүхдийн хөгжил, оролцооны орчин” форум болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-07 15:35:43

Баян-Өлгий аймгийн Толбо суманд энэ сарын эхээр  Норвегийн тусламжийн байгууллагын “Хүүхдийн Эрх-Хөгжил” төсөл, БСШУСЯ, Гэр Бүл  Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар /ГБХЗХГ/ “Дотуур байр-хүүхдийн хөгжил,оролцооны орчин" сэдэвт  нэгдсэн форум хамтран зохион байгууллаа. 

Ховд аймагт 2009 оноос, Баян-Өлгий аймагт 2014 оноос дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгуудын Боловсрол Соёл Урлагийн Газартай /БСУГ/ хамтран ажиллаж байгаа уг төсөл нь энэ удаа зорилтот аймгуудын дотуур байран дахь хүүхдийн оролцоо болон чөлөөт цагийн үйл ажиллагааны сайн туршлагаас харилцан суралцах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх арга замаа тодорхойлоход чиглэсэн юм. 
Форумд Монгол Улсын Засгийн газрын хэргэжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Н.Ангараг, Хүүхдийн хөгжил, соён гэгээрэл хариуцсан мэргэжилтэн О.Сэлэнгэ, БСШУСЯ-ны мэргэжилтэн Б.Дуламсүрэн, Багшийн хөгжлийн институтын мэргэжилтэн н.Болормаа, Хүүхдийн Эрх-Хөгжил” төслийн удирдагч Б.Баярмаа, төслийн ажилтнууд, Ховд, Баян-Өлгий аймгийн БСУГ, ГБХЗХГ, дотуур байрны төлөөлөл, ЕБС-ийн оролцооны байгууллагын хүүхдүүд зэрэг 150 гаруй хүн оролцлоо. 

Форумд оролцогчид хоёр өдрийн турш хүүхдийн оролцоо, түүний ач холбогдлын талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлагаас суралцах, дотуур байранд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замаа тодорхойлох, оролцогчдын чөлөөт цагийн үйл ажиллагааны ач холбогдлын талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, дотуур байранд чөлөөт цагийн үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх арга замаа хэрхэн тодорхойлох талаар лекц сонсож, багаар ажиллаж, харилцан ярилцлаа. 
Энэ үеэр   сайн туршлагаасаа хуваалцсан, суралцсан, шинийг хийх сэдэлтэй болсон зэрэг эерэг үр дүнтэй болж, оролцогч дотуур байрны төлөөлөл, сурагчдын санал, сайн туршлага, олсон мэдлэгт тулгуурлан дотуур байрны хүүхдийн оролцоо, чөлөөт цагийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж боловсруулан БСШУЯ-нд хүргүүлэхээр болов.

А.Бямбасүрэн

 

 

 

Холбоотой мэдээ