ЗАВХАН: Энэ зун хүүхдүүдэд зориулсан 130 гаруй дугуйлан ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд энэ зуны турш
хүүхдийн хөгжлийн чиглэлээр 130 гаруй сургалт, дугуйлан ажиллана.
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх, тэднийг бүх талаар хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслан, сургалт, дугуйлангийн нэгдсэн мэдээллийг өглөө.
Энэ зун аймгийн 24 суманд сумын Соёлын төв, сургуулиудын хөгжмийн багш нарын хамтарсан цахилгаан хөгжим, үндэсний хөгжмийн сургалтууд, бүжиг, төгөлдөр хуур, гитар, шагайн харвааны сургалтуудыг бага, дунд, ахлах ангийнханд зориулан сарын турш хичээллүүлнэ. Мөн Хөгжилтэй амралт, хөгжсөн хүүхэд нэртэй хөтөлбөрийг аймгийн Даян Очир хүүхдийн зуслангаас энэ сарын 23-аас 8-р сарын 23 хүртэл зохион байгуулж байна.
Тухайлбал “Dream goal” нэртэй сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, теннисний зуны сургалтыг зуслангийн амрагч хүүхдүүдэд зориулан 14 хоногийн хугацаатай хичээллүүлнэ. Мөн монгол бахархал нэртэй өв соёлоо уламжлуулах таниулах хөтөлбөр, аз жаргалтай гэр бүл нэртэй гэр бүлээрээ хөгжих боломжтой хөтөлбөр, хичээлийн хоцрогдлоо арилгах таван хичээлийн сургалттай хөтөлбөр, зуны сүүлчийн бүжиг, ирээдүйн манлайлагчид нэртэй хүүхэд хөгжлийн хөтөлбөрүүдийг зусланд амрагч хүүхдүүдэд зориулан бэлтгэжээ.
Харин аймгийн төвд хүүхдүүдэд зориулсан нийгэм, математик, англи хэл, монгол хэл, монгол бичиг, бийрэн бичиг, шатар, бүжиг, самбо, жүдо, чөлөөт бөх, усанд сэлэлт, сорабон сампин, оюун ухаан хөгжлийн сургалтууд хөнгөлөлттэй үнээр хичээллэх юм гэж Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээлэв.