Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн 400 гаруй хонь өвчилжээ 

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-08 15:03:33

Дундговь аймгийн Говь- Угтаал сумын Морьт багийн нутагт хонины цэцэг өвчний голомт үүссэн тул хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Хорио цээр тогтоосон бүс дэх 3 малчин өрхийн 2 мянга гаруй хонинд вакцин тарихаар аймгийн Мал эмнэлгийн хэлтэс, ОБХ-ээс ажлын хэсэг өнөөдөр үдээс хойш гарах юм байна.

Анх малчин Ч-ийн 278 хонь цэцэг өвчнөөр өвчилсөн бол зэргэлдээ нутагладаг малчны 18 хонь улмаар дахин нэг малчны 106 хонь нэмж өвчилсөн бөгөөд одоогоор 33 хонийг устгаж, булсан байна.

Эдгээр малчны 2400 гаруй хонь өнгөрөгч наймдугаар сард цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн боловч ийнхүү 400 гаруй хонь өвчилжээ. Вакцин хийлгэсэн хэрнээ өвчилсөн шалтгааныг тодорхойлсон зүйлгүй байна. Вакцин наранд халсан байх магадлалтай гэдэг таамаг дэвшүүлж байгаагаас өөр тодорхой шалтгааныг гаргах боломжгүй  гэж Мал эмнэлгийн хэлтсийн дарга Ц.Гэрэл хэллээ. Вакциныг Мал эмнэлгийн хэлтэс нөөцөөсөө гаргах юм байна.

Т. Отгонтуяа        

 

Холбоотой мэдээ