Сирийн парламентын сонгууль есдүгээр сард болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК, 2025 оны долоодугаар сарын 28 /Reuters/. Сирийн шинэ засаг захиргаа тус улсын парламентын анхны сонгуулийг ирэх есдүгээр сард явуулах төлөвтэй байна гэж Сонгуулийн хорооны дарга Мохамед Таха ням гарагт төрийн мэдээллийн SANA агентлагт мэдээлжээ.
Нийт 210 гишүүнтэй Ардын Ассамблейн санал хураалтыг есдүгээр сарын 15-20-ны хооронд явуулахаар төлөвлөж байна гэж тэрбээр хэллээ. Өмнөх зарлигт нэмэлт өөрчлөлт оруулж, мандатын тоо 150 байсныг 210 болгон нэмэгдүүлэх тухай сонгуулийн хуулийн төслийг Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа хүлээн авчээ. Депутатуудын гуравны нэгийг ерөнхийлөгч томилох юм.
Засгийн газрын зүгээс нийгмийн төлөөллийг сонгуульд өргөнөөр оролцуулахаа амлаж, санал хураалтад хяналт тавьж буй сонгуулийн хороодыг ажиглах боломжийг гадаадын ажиглагчдад олгоно гэдгээ мэдэгджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, засгийн газрын хяналтаас гадуурх бүс нутаг, тэр дундаа Сирийн хойд хэсгийн курдуудын эзэмшилд байдаг бүс нутаг, друзууд зонхилдог Свейда мужид хүн амын тоонд тулгуурлан суудлыг урьдын адил хуваарилах ажээ.
Шинэ ассамблей нь ардчилсан үйл явцыг өргөжүүлэх үндэс суурийг тавих ёстой. Одоогоор цөөнхийн бүлгүүдийн оролцоо хангалтгүй байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа ажээ. Түүнчлэн олон арван жилийн турш төрийн хяналтад байсан эдийн засгийн бодлогуудыг шинэчлэх, Сирийн гадаад бодлогын гэрээ хэлэлцээрүүдийг соёрхон батлахад чиглэсэн чухал хууль тогтоомжийг батлах үүрэг хүлээх юм.
Энэ оны гуравдугаар
сард Сири улс А.Шараагийн удирдлага дор үргэлжлэх завсрын хугацааг удирдан чиглүүлэх
үндсэн хуулийн тунхаглалыг гаргажээ. Энэхүү баримт бичиг нь Исламын хуулийн гол үзэл баримтлалыг хадгалахын сацуу эмэгтэйчүүдийн эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг
баталгаажуулжээ. Ийм байдлаар исламистуудын тэргүүлсэн удирдлагад эрх мэдэл
төвлөрч байгаад иргэний бүлгүүд болон барууны орнууд санаа зовж байна.