ДАРХАН-УУЛ: Явуулын номын сан хүүхдүүдэд үйлчилж байна
ФОТО МЭДЭЭ
Дархан, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дархан сумын 1-3 дугаар багт явуулын номын сан ажиллаж байна. Тус номын сан нь 12:00–17:30 цагийн хооронд ажиллаж, хүүхдүүд зуны амралтаараа гэрийн даалгавраа хийх, ном унших, шатар, даам тоглох зэрэг соёл, боловсролын үйлчилгээг авч байна.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Отгонбаатар уг явуулын номын санг санаачилж эх үрсийн баярын өмнөх өдөр ашиглалтад оруулжээ.
500 орчим номтой уг номын санг багийн судалгааны ажилтнууд ээлжээр хариуцан ажиллуулж байгаа бөгөөд иргэд номоо гэртээ уншаад буцаан өгөх боломжтой.
Энэхүү явуулын номын сан нь хүүхдүүдийн мэдлэг боловсролыг дэмжих, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж байгаад тухайн багийн иргэд талархалтай хандаж, ном унших соёлыг бага наснаас нь төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйг онцолж байна.
Г.Отгонбаатар нь өмнө нь гудамжны номын сан ажиллуулж байсан бөгөөд гэр хорооллын багийн хүүхэд, багачуудад зориулсан явуулын номын байгуулахаар хуучин автобусыг тохижуулсан нь ийнхүү байнгын үйлчилдэг номын санг бий болгожээ.
Уг явуулын номын санг иргэд, ААНБ-ын тусламж, дэмжлэгээр байгуулсан бөгөөд мөнгөн хандив болон эд материал, автобус тохижуулах хэрэглэгдэхүүн, номын баяжилтаар бий болгож хүүхэд, багачуудыг номтой нөхөрлөх тав тухтай орчин бүрдүүлжээ.
Явуулын сангаар өдөрт 20-50 орчим хүүхэд үйлчлүүлж, гэрийн даалгавраа хийх, шатар, даам тоглох, уншсан номынхоо тухай ярилцдаг байна.