В.Путин: Трампын үед хоёр орны худалдааны эргэлт нэмэгдсэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКОРИЖ, 2025 оны наймдугаар сарын 16 /ТАСС/. Улаан хивсэн дээр товчхон ярилцсанаас эхлэн тооцвол ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт гурван цаг гаруйн хугацаанд үргэлжиллээ.
Уулзалтын үр дүнгийн талаар хоёр
улсын удирдагчид хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан мэдэгдэл хийв. Энэ үеэр
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дараагийн уулзалтыг Москва хотод хийх санал дэвшүүллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үүнийг боломжтой гэж хэлсэн боловч энэ үгнийх нь
төлөө өөрийг нь шүүмжилж магадгүйг үгүйсгэсэнгүй.
Д.Трамптай хийсэн хэлэлцээ бүтээлч, үр дүнтэй болсныг Оросын удирдагч юуны
түрүүнд онцлоод “Орос-Америкийн дээд хэмжээний уулзалт сүүлийн дөрвөн жил
гаруйн хугацаанд болоогүй” гэдгийг дурдав. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцаа “Хүйтэн
дайн”-аас хойших хамгийн доод цэгтээ хүртэл хумигдсаныг В.Путин хэллээ. Гэсэн
хэдий ч Трампын үед хоёр орны худалдааны
эргэлт нэмэгдэж байгааг онцлов.
Орос-Америкийн бизнесийн болон хөрөнгө оруулалтын түншлэлийг хөгжүүлэхэд асар их боломж байгаа гэдгийг Ерөнхийлөгч В.Путин дурдаад, худалдаа, эрчим хүч, цахим технологи, сансар судлалын салбарт хамтран ажиллах, түүнчлэн Оросын Алс Дорнод ба АНУ-ын Баруун эргийн хооронд бүс нутгийн хэлхээ холбоог сэргээхийн тулд хоёр тал бие биедээ санал болгох зүйлс бий гэдгийг тэмдэглэн хэллээ.
Ерөнхийлөгч В.Путин Аляскаас
нисэхийнхээ өмнө Форт-Ричардсон үндэсний цэргийн оршуулгын газарт очиж,
Зөвлөлтийн нисгэгчдийн шарилд цэцэг өргөлөө. Эдгээр нисгэгчид АНУ-аас ленд-лизээр
авсан нисэх онгоцуудыг ЗХУ-д хүргэх явцдаа амиа алджээ. Амь үрэгдсэн дайчдын хөшөө
дурсгалыг хайрлан хамгаалж буй Америкийн төрийн байгууллагууд, иргэдэд В.Путин
талархал илэрхийллээ.