Хуурай газрын тогтвортой ландшафтын нөлөөллийн хөтөлбөр хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-08-18 16:10:39

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гийн долоо дахь удаагийн санхүүжилтээр Дэлхийн хуурай хээрийн бүсэд хамаарагдах дэлхийн 11 орныг хамруулан хуурай газрын тогтвортой ландшафтын нөлөөллийн (DSL-IP) хөтөлбөр хэрэгжүүлж байна.


Хүний нөлөөнд харьцангуй бага өртсөн, цагаан зээр, цэн тогоруу зэрэг нүүдлийн чухал зүйлийн төллөх, амьдрах орчин болсон Дорнодын тал хээрийн бүсэд “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн төсөл)-ийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 9 суманд 2021-2026 онд БОУАӨЯ манлайлан, НҮБ-ын ХХААБ, ДБХС хамтран хэрэгжүүлж байна.


Монголд хэрэгжүүлж буй төслийн үр дүнтэй танилцахаар НҮБ-ын ХХААБ (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Байгаль хамгааллын олон улсын холбоо (IUCN), Газрын тогтвортой менежментийн олон улсын сүлжээ (WOCAT), Казахстан Улсын ХХААЯ-ны Газрын нөөцийн менежментийн Хороо, үндэсний, орон нутгийн газрын алба, Киргизын бэлчээрийн ТББ зэрэг гадаад, дотоодын 50 гаруй төлөөлөл иржээ. Туршлага солилцох нь Монгол Улсын санаачлагаар 2026 онд  тэмдэглэх Олон улсын бэлчээрийн жил, Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын өмнө бүсийн хэмжээнд хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох боломж олгох юм.

Төв Азид Монгол Улс, Казахстан Улсад төсөл хэрэгжүүлж, сайн туршлага, мэдлэгийг хуваалцах анхны үйл ажиллагааг өнгөрсөн онд “Бэлчээрийн тогтвортой менежмент” дэд сэдвээр Казахстаны Алматы хотод зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ