Хятадын зуны кассын орлого 10 тэрбум юаниас давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
БЭЭЖИН, 2025 оны наймдугаар сарын 19 /Xinhua/. Хятадын кинотеатруудын энэ зуны кассын орлого даваа гаргийн байдлаар 10 тэрбум юаниас /ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар/ давж, хамгийн өндөр орлого олсон кинонуудын дунд дотоодын кино үйлдвэрийн бүтээлүүд давамгайлжээ.
Тасалбар борлуулагч “Maoyan” болон “Beacon” платформын мэдээлснээр,
дотоодын кинонууд одоогоор эхний таван байрны дөрвийг эзэлж байна. Тодруулбал, долоодугаар сарын 25-нд нээлтээ хийснээсээ хойш 2.6 тэрбум юанийн
орлого олсон “Dead To Rights” жагсаалтыг тэргүүлж байна. Дэлхийн II дайны үеийн Нанжины хядлагын талаар
өгүүлдэг энэхүү кино зуны улиралд нээлтээ хийсэн кинонуудаас 2 тэрбум
юанийн босгыг давсан орлоготой анхны кино болжээ.
“Dead To Rights” кино нь кино
үнэлгээний “Douban” платформ
дээр 10-аас 8.7 гэсэн үнэлгээ аваад байгаа
бөгөөд шүүмжлэгчдийн зүгээс ч мөн өндөр үнэлгээ авсан байна. Хятадын найруулагч Фэн Сяонин уг киног “Хятадын кино урлагийн шинэ оргил
үе” хэмээн үнэлсэн байна.
Түүнчлэн хүүхэлдэйн кинонууд өндөр амжилт үзүүлжээ. Тухайлбал, Хятадын алдарт “Yao-Chinese Folktales” цувралын “Nobody” анимейшн наймдугаар сарын 2-нд нээлтээ хийснээсээ хойш 1 тэрбум гаруй юанийн орлого олж, зуны шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Ингэснээр Хятадад гарсан хамгийн өндөр орлоготой хоёр хэмжээст хүүхэлдэйн кино болжээ.
Үзэгчдийн таашаалд
нийцсэн бусад бүтээлийн тоонд Тан гүрний үеийн (618-907) талаар өгүүлэх “The Lychee Road” кино 670 гаруй сая юанийн орлоготойгоор орсон бол 2019 онд хит болсон
хүүхэлдэйн киноны үргэлжлэл болох “The
Legend of Hei 2” анги нь одоогоор ойролцоогоор 450 сая юанийн орлого оруулаад байна. Харин Америкийн “Universal” студийн бүтээл “Jurassic World
Rebirth” нь гадаадын кинонуудаас хамгийн өндөр орлого олсон
киногоор тодорсон бөгөөд одоогоор 560 сая гаруй юанийн орлого
олсноор жагсаалтын дөрөвдүгээрт бичигджээ.
Хятадын кинотеатруудын
зуны улирал зургаадугаар
сарын 1-нээс наймдугаар сарын 31-ныг дуустал үргэлжилдэг
бөгөөд тус улсын кино урлагийн хамгийн ашиг орлоготой үе юм. Дотоодын хит бүтээлүүд зогсонги байсан улирлыг сэргээсэн гэдгийг
шинжээчид онцлон тэмдэглэж
байна. Өнгөрсөн ням гаргийн
байдлаар, Хятадын кинотеатруудын кассын
орлого 30 гаруй хоног дараалан 100 сая юаниас давжээ. Улирал дуусахад хоёрхон долоо хоног
дутуу байгаагаас үзэхэд нийт
дүн өнгөрсөн зуны 11.6 тэрбум юанийн
орлогыг давах төлөвтэй
байна.