Израилын шигшээг олон улсын тэмцээнээс хасахыг шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ, 2025 оны наймдугаар сарын 20.
/ТАСС/. Италийн дасгалжуулагчдын холбооноос /AIAC/ тус улсын Хөл бөмбөгийн
холбооны ерөнхийлөгч Габриэл Гравинед хандан, Израилын шигшээ багийг олон улсын
тэмцээнд түр хугацаанд оролцуулахгүй байх тухай хүсэлтийг Олон улсын хөл
бөмбөгийн холбоо /ФИФА/, Европын хөл бөмбөгийн холбоонд /УЕФА/ илгээхийг шаардсан байна. Энэ тухай ANSA агентлаг мэдээллээ.
Ийм хүсэлт гаргах шалтгаан
нь Газын зурваст үүссэн нөхцөл байдалтай холбоотой ажээ. AIAC-ийн мэдэгдэлд
дурдсанаар, Израилын явуулж буй ажиллагаа нь олон тамирчин, дасгалжуулагч, спортын
зүтгэлтнүүдийн аминд хүрсэн байна. Тухайлбал, Газын зурвасын өмнөд хэсэгт хүмүүнлэгийн
тусламжийг хүлээж байсан хөлбөмбөгчин Сулейман Аль-Обейд амиа алджээ.
Итали, Израилын шигшээ багууд 2026
онд болох ДАШТ-ий сонгон шалгаруулах урьдчилсан шатанд нэг хэсэгт тоглож байгаа юм. Багууд
есдүгээр сарын 8-нд Унгарын Дебрецен хотод, 10 дугаар сарын 14-нд Италийн Удине
хотод тоглоно. Гурван тойргийн дараах байдлаар Израилын шигшээ баг 6
оноотойгоор тэмцээний хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байгаа бол италичууд хоёр
тоглохдоо 3 оноо авч, гуравдугаарт жагсаж байна.
Өмнө нь ФИФА болон УЕФА Украинд
үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Оросын клубүүд ба шигшээ багуудыг олон улсын
тэмцээнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн юм.