"Бавариа" шинэ улирлыг эрч хүчтэйгээр эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-08-23 10:36:56

МОСКВА, 2025 оны наймдугаар сарын 23 /РИА Новости/. Германы аварга шалгаруулах тэмцээний 2025/26 оны улирлын эхний тоглолтод Мюнхений “Бавариа” баг “Лейпциг”-ийг 6:0-ээр бутниргэлээ.


Мюнхен хотноо болсон тоглолтод Францын Майкл Олисе 27 ба 52 минутанд гоол оруулж, дубль хийсэн бол ихээхэн хэмжээний мөнгөөр “Бавариа”-д шилжин ирсэн Колумбын тоглогч Луис Диас анхны гоолоо хийв. Харин тоглолтын хоёрдугаар үеийн 64, 74, 78 дахь минутанд тус багийн шилдэг мэргэн бууч Харри Кейн гурван гоол оруулснаар хет-трик хийлээ. Үүнээс хоёр гоолыг оруулахад нь Луис Диас оновчтой дамжуулалт өгсөн байна. Харригийн хувьд энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших анхны, “Бавариа”-д тоглохдоо хийсэн 9 дэхь хет-трик юм.


Ийнхүү баваричууд шинэ улирлыг үнэхээр төгс байдлаар эрч хүчтэйгээр эхлүүллээ. Венсан Компанигийн дасгалжуулсан тус баг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Штутгарт”-ыг талбайд нь 2:1-ээр хожсоноор Германы Супер цомын эзэн болсон билээ.


Одоо хоёрдугаар тойрогт “Бавариа” баг “Аугсбург”-ийн талбайд 30-ны өдөр тоглоно.

 

Холбоотой мэдээ