Мөсөнд цөмөрсөн гэх дуудлага нэмэгдсэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСЭнэ сарын 10-ны байдлаар Увс аймгийн нийт нутгийн 80 орчим хувьд нь 5-34 см-ын зузаантай цасан бүрхүүл тогтоод байна.
Ойрын өдрүүдэд цас их орсны улмаас Улаан давааны чиглэлийн зам хаагдсаныг “АЗЗА” төрийн өмчит компани болон Онцгой байдлын газраас ажлын хэсэг гарч зам гаргасан байна. Цас их орж байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газарт энэ долоо хоногт 7 төрлийн дуудлага иржээ. Тухайлбал, Улаан давааны чиглэлийн зам хаагдсан болон Түргэн сумын Баянхайрхан багийн нутаг Дэлгэрмөрөнд автомашин цөмөрсөн, Түргэн сумын нутаг Бургастайн сайр орчимд автомашин осолдсон, Тариалан сумын нутаг Тарвагатайн уурхайн чиглэлийн зам боогдсон, Улаангом сумын нутаг Хөндлөнгийн голд автомашин цөмөрсөн зэрэг дуудлагад онцгойгийнхон явж ажилласан байна. Энэ үеэр 31 иргэн, 12 автомашиныг цас, мөснөөс гаргаж, аюулгүй байдлыг шуурхай зохион байгуулжээ.
“Цас орж өдөртөө дулаарсны улмаас зам даваанд халтиргаа гулгаа ихээр үүсч байгаа. Иймээс тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, иргэд явганаар зорчихдоо бэртэж гэмтэхээс болгоомжлох, гол нуурын мөс дөнгөж хөлдөж эхлэж байгаа тул мөс цөмрөх аюултай, иймээс мөсөн дээгүүр зорчихгүй байхыг хичээгээрэй. Тэрчлэн аль болох баталгаатай, аюулгүй зам, гүүрээр зорчих, холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, шатахууны нөөцтэй явах хэрэгтэй” гэсэн анхааруулгыг аймгийн Онцгой байдлын газраас иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт өгч байна.
Энэ өглөөнөөс эхлэн Увс аймгийн зарим нутгаар цас нэмж орж байгаа бөгөөд цаг агаарын урьдчилсан төлөвөөр 11, 12-р сард илүү хүйтрэх төлөвтэй аж.
Б.Батхүү