Шинэ Зеландын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлид СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран бараалхав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Шинэ Зеланд улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунлид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ сарын 2-нд бараалхлаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсад анх удаа
айлчилж байгаа Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, хоёр
улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэнд хүргэв. Ноён Жерард Браунли хариу талархал илэрхийлээд, Шинэ Зеланд улс 1996 оноос
холимог тогтолцоогоор парламентын сонгууль зохион байгуулж байгааг дурдлаа. Мөн
айлчлалын бүрэлдэхүүнд таван улс төрийн намаас парламентад сонгогдсон гишүүд
багтсаныг онцолж, гишүүдийн хувьд намд бүртгүүлэх, сонгуульд оролцох болон
сонгогчдыг идэвхжүүлэх арга хэлбэрийн талаар мэдээлэл авч, туршлага солилцох нь
улс төрийн хувьд ач холбогдолтойг тодотгосон юм.
Шинэ Зеланд улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли болон
гишүүн Жейми Арбакл, Пармжит Пармар, Лан Фам, Женни Салеса, Сэм Уффинделл нар
Монгол Улсад улс төрийн намыг ямар шалгуураар, хэрхэн бүртгэдэг болон гишүүдэд
тавигдах шаардлагын талаар тодруулж асуув. Түүнчлэн сонгуульд нэр дэвшигчдэд
тавьдаг шаардлага, тэднийг бүртгэх дараалал, нам, нэр дэвшигчийн сонгуулийн
зардлыг хэрхэн тогтоодог талаар болон сонгогчдын нэрийн жагсаалтыг бүртгэх,
ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулдаг ажлыг сонирхов. Өргөн уудам
нутаг дэвсгэрт санал авах байрыг яаж тогтоодог талаар болон санал тоолох
төхөөрөмжийн найдвартай ажиллагааы талаар мэдээлэл авав.
Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон сонгуулийн тухай хууль
тогтоомжид зааснаар Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэж, Үндэсний аудитын
газар сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтоодог, сонгогчдын нэрийн жагсаалтыг
улсын бүртгэлийн байгууллага хариуцдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Сонгуулийн төв байгууллагын чиг үүрэг, бүтцийг танилцуулан Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль болон ард нийтийн санал асуулга зохион байгуулдаг
бөгөөд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад төрийн албан хаагчид
ажилладаг талаар мэдээллээ. Түүнчлэн урьдчилан болон цахим санал авах зэрэг эрх
зүйн орчин бүрдүүлэн сонгогчдын ирцийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцлов.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга хоёр улсын сонгуулийн төв байгууллагын хооронд
албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааг эхлүүлэх, туршлага солилцоход
дэмжлэг үзүүлэхийг Ноён Жерард Браунли болон парламентын гишүүдээс уулзалтын
төгсгөлд хүслээ.