Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг Улаанбаатар хотноо хэд хоногийн өмнө хүлээн авч уулзжээ.
Аймгийн Засаг даргын зүгээс эдгээр компаниудын өмнө тулгамдсан ямар асуудал байгааг сонсож, тэдний санал, зөвлөгөөг ирэх 4 жилд өөрийн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө тусгах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна. Уулзалтад “Гацуурт”, “Алтан тариа”, “Спирт бал бурам”, “Майн тейч”, “Болд төмөр Ерөө гол”, “Центерра гоулд”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг 10 гаруй компанийн удирдлагууд оролцжээ.
Тэд Сэлэнгэ аймаг газар тариалан, мал аж ахуйн бүс нутаг. Иймээс цаашид өрхийн орлогыг нэмэгдүүлэх, үр дүнтэй ажиллах талаар ярилцсан аж. Энэхүү уулзалтын үеэр оролцогчид Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мөн одоо байгаа бааз суурин дээрээ түшиглээд мал аж ахуй, газар тариалангийн жишиг аймаг болгох саналыг хэлсэн байна. Тухайлбал, мах экспортлох, ногооны зоорь байгуулах, гаднаас авдаг хуурай сүүг дотооддоо үйлдвэрлэдэг болох зэргээр олон санал дэвшүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил аж ахуйн нэгжүүдийн санаачлагыг орон нутгаас боломжийн хэрээр дэмжиж хамтарч ажиллана, мөн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө та нөхдийн дэвшүүлсэн саналыг тусгаж ажиллах болно гэдгээ энэ үеэр хэлсэн байна.
Ч.Отгонцэцэг