ЗАВХАН: Махны үйлдвэрүүд дайвар түүхий эдээ Улаанбаатар хот руу борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-09 13:12:38

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ онд 324.7 мянган толгой мал буюу 10391 тн махыг хүнсэнд хэрэгцээлэхээр төлөвлөжээ.


Аймгийн хэмжээнд махны үнэ хонины ястай мах 13000, шулаа 16000 төгрөг, ямааны ястай мах 10000, шулаа нь 13000, үхрийн ястай мах 16000, шулаа нь 18000 төгрөгийн үнэтэй байна.


Завхан аймагт “Завхан хүнс” групп, “Саян ундарга” ХК, “Нисэх агро” ХХК, “Сэцэн Агро” ХХК, “Тэс шим” хоршоо зэрэг 5 аж ахуйн нэгж мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.


Өнөөдрийн байдлаар "Тэс-Шим" хоршооны үйлдвэр нь үечилсэн ажиллагаатай, малын мах бэлтгэж байна. Хоногт хонь 180 толгой, ямаа 120 толгой, адуу 50-70 толгойг төхөөрөх хүчин чадалтай. Дайвар түүхий эдээ Улаанбаатар хотын дайвар түүхий эдийн үйлдвэрт нийлүүлдэг. Экспортод БНХАУ руу 3000 тн, Казакстан улс руу 500 тн, Узбекистан улс руу 1000 тн хонины мах нийлүүлдэг бөгөөд үүнээс 10 хувийг дотоодын нөөцийн махаа бүрдүүлж байна.

 

"ЭДГС" ХХК нь хоногт 50-70 толгой бод, 250 толгой бог төхөөрөх хүчин чадалтай. Узбекистан улс руу мах нийлүүлэх хүсэлтээ өгсөн ба ОХУ-аар дамжин өнгөрөх транзит зөвшөөрлөө хүлээж байна. Энэ жил 300-400 тн мах экспортлох төлөвлөгөөтэй бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.


"Сэцэн агро" ХХК үечилсэн ажиллагаатай, малын мах бэлтгэдэг. Хоногт бод 30 толгой, бог 120 толгой төхөөрөх хүчин чадалтай. Ихэвчлэн гулуузаар бэлтгэж, дайвар түүхий эдээ Улаанбаатар хотод борлуулдаг.

 

"Завхан хүнс" групп нь үечилсэн ажиллагаатай, малын мах бэлтгэдэг. Хоногт бод 200 толгой, бог 1000 толгойг төхөөрөх хүчин чадалтай. Энэ жил дан бог мал төхөөрөх төлөвлөгөөтэй. Дайвар түүхий эдээ дотооддоо буюу аймагтаа борлуулна. "Завхан мах маркет" хоногт 100-200 толгой бод төхөөрөх хүчин чадалтай, үечилсэн ажиллагаатай, малын мах бэлтгэдэг. Одоогоор ажиллах эсэх нь тодорхойгүй байна гэж Завхан аймгийн ХХААГ-ын хүнс, худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн С.Цэенхорол ярилаа. 


Завхан аймаг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.


Завхан аймаг хүн амынхаа махны хэрэгцээний 98.7 хувийг дотоодоосоо хангаж байна.

Холбоотой мэдээ