ЗАВХАН: Ойн 26.0 мян.га талбайд хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг хийсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-10 11:33:02

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 160.0 мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн өвчний судалгааг хийжээ.


Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ойжуулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан аймагт ойн хөнөөлт шавж, өвчний судалгааг хийж, голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг хийж дууссан.


Аймгийн ойн сан бүхий 11 сумын 160.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавж, өвчний судалгааны ажлыг хийсэн. Судалгаагаар ойн хөнөөлт шавжийн тархалттай 110.0 мянган га талбай байна. Үүнээс голомт үүссэн 72.1 мянган га талбай, тэмцлийн ажлыг зайлшгүй хийх 26.0 мян.га талбай тогтоогдсон.


Ойн санг устаж үгүй болоход нөлөөлж буй хүчин зүйл нь хүр хорхой буюу бидний нэрлэж заншсанаар цагаан эрвээхэй. Ойн хөнөөлт шавжид идэгдсэн мод цайрч, хувхайрч, хатаж байгаль экологи, экосистемд үзүүлэх ач тус алдагддаг. Хэдхэн жилийн дотор хүр хорхойд идүүлсэн ой сүйрэх аюултай байдаг.  Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар баруун бүс нутагт ойд хөнөөл учруулж байгаа якобсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч, сибирийн хүр эрвээхэй гэсэн дөрвөн төрөл зүйлийн шавж дан болон холимог хөнөөлийн голомт үүсгэн ойд хөнөөл учруулж байна. 


Дээрх судалгаанд үндэслэн Завхан аймаг энэ онд 26.0 мян.га талбайд голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг сонгомол үйлчилгээтэй микробиологийн 78.0 мянган литр био бэлдмэл ашиглаж хийж дуусгалаа гэж Завхан аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.  

 

Холбоотой мэдээ