Зээл хүссэн өргөдөл нэг ч ирээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-12 17:00:43

Хөдөө аж ахуйн хоршоологчдыг дэмжих, агро бизнесийн чиглэлийн хувийн аж ахуй нэгжүүдийн  үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулж  Азийн хөгжлийн банкны  санхүүжилтээр хөнгөлөлттэй зээл олгох төсөл  2016 оноос эхлэн  хэрэгжиж эхэлжээ.

Төсөлд мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арьс шир, ноос ноолуур, оёдол, зөгийн аж ахуй зэрэг 10 гаруй салбарын  баялаг бүтээгчид  оролцож болох юм байна.

Хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар Дорноговь аймгийн хөдөө аж  ахуй салбарынхан хэрхэн төсөл бичиж ирүүлж байгаа талаар тус аймгийн ХХААГ-ын хүнс, газар тариалангийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Алимаагаас тодруулахад “Манай байгууллага хөнгөлөлттэй зээлийн төслийн мэдээллийг төсөл хэрхэн бичих заавартай хамт орон нутгийн бүх сумдад хүргэсэн.

Зээлийн хэмжээ 150 мянгаас 3 сая хүртэлх төгрөг. Зээлдэгч долоо хүртэл жилийн хугацаанд зээл авч болох бөгөөд зээлийн хүү жилийн найман хувиас хэтрэхгүй байхаас гадна эхний 3 хүртэлх жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хөнгөлөлт эдэлнэ.

Одоогоор зээл хүссэн төслийн материал ирээгүй. Харин сумдын ажил хариуцсан мэргэжилтнүүд манайх руу залгаж төслийн талаарх мэдээллийг лавлаж асууж байна.

Тэдний хэлж буйгаар "тавигдах шаардлага нь өндөр  байгаа учир сумдад  төслийн шаардлага хангахаар аж ахуй нэгж цөөхөн  байна” гэв.   Хөдөө аж ахуй салбарынханд зориулсан  Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт 2020  хүртэл үргэлжлэх аж.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ