ФИФА: 24 цагийн дотор 1.5 сая тасалбар авах хүсэлт ирсэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 12 /Reuters/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарын эхний шатны борлуулалт эхэлснээс хойш 24 цагийн дотор 210 орны хөгжөөн дэмжигчдээс 1.5 сая гаруй тасалбар авах хүсэлтийг хүлээн авсан гэж Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ пүрэв гарагт мэдэгджээ.
Тэмцээний тасалбарын
асар өндөр эрэлтийн ихэнх хувийг АНУ, Мексик, Канад, цаашлаад Аргентин, Колумби, Бразил, Англи, Испани, Португал, Германы хөгжөөн дэмжигчид эзэлсэн байна. Ингэснээр
Мексик, Канад, АНУ-ын 16
хотод 104 тоглолт хийх 48 багийн өргөтгөсөн тэмцээн дэлхий дахины сонирхлыг ихэд татаж буйг харуулжээ.
Тасалбар авах хүсэлт гаргах
хугацаа есдүгээр сарын 19 хүртэл
үргэлжлэх бөгөөд хүсэлт гаргасан цаг
нь тасалбар авах боломжид нөлөөлөхгүй гэнэ. Улмаар амжилттай хүсэлт гаргасан хүмүүст есдүгээр сарын
29-нөөс эхлэн цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлж, 10 дугаар
сарын 1-нээс тасалбар худалдаж авах цаг нээгдэх ажээ.
Тэмцээний тасалбарын үнэ 60 ам.доллароос эхлэх боловч борлуулалтын эхний үе шатанд динамик буюу хөдөлгөөнт үнээр тасалбарыг борлуулах тул зах зээлийн эрэлтийн дагуу хөгжөөн дэмжигчид өөр өөр үнэ төлнө. Тасалбарын борлуулалтын дараагийн үе шатыг ирэх 10 дугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ.