Дорноговьчууд спортын амжилт арвинтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-14 10:24:33

Дорноговь аймгийн спортын салбарынхан энэ арван нэгдүгээр сард амжилтаар дүүрэн байна.

Энэ оны 11 дүгээр сарын эхээр Турк улсын Измир хотноо болсон өсвөр, залуучуудын  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Дорноговь аймгийн 5 тамирчин 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 6 медаль авч түүхэн амжилт үзүүлсэн.

Сайншанд сумын ерөнхий боловсролын  II сургуулийн сурагч Э.Хүслэн алт, мөнгөн медаль, I сургуулийн сурагч Н.Налжормаа алт, хүрэл медаль, Б.Сүлдбаатар алтан медаль, Б.Түвшин мөнгөн медаль хүртсэн бол С.Энхтүвшин 4 дүгээр  байрт шалгарчээ.

Харин энэ сарын 10-нд өсвөрийн улсын аварга шалгаруулах  сагсан бөмбөгийн тэмцээнд Дорноговь аймгийн  охидын баг шалгарч алтан медаль хүртэв.

Дасгалжуулагч багш Б.Мөнхчулуун шилдэг дасгалжуулагч болсон бол Г.Нямгэрэл шилдэгийн шилдэг тоглогч, О.Заяа шилдэг тоглогч болсон. Өсвөрийн сагсан бөмбөгчдийг тус аймгийн Биеийн тамир, спортын газарын хамт олон хүлээн авч амжилт, ялалтыг нь хамт  тэмдэглэв.

Оюуны спортод алдраа дуурсгаж аймаг сумаа улсад, улс орноо дэлхийд сурталчилж гавьяа байгуулсан өсвөрийн шилдэг тамирчдыг тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч шагнаж урамшууллаа.

Х.Эрдэнэбулган  

Холбоотой мэдээ