Каллиграфийн урлагийн нэгдсэн холбоог байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын каллиграфийн урлагийн нэгдсэн холбоо /МКУНХ/-г байгуулж, нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 22-нд зохион байгууллаа.
Нээлтэд зориулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын
яам, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэй 28 уран бүтээлчийн 40 бүтээлийн
үзэсгэлэнг Уран зургийн галерейд дэлгэв.
Үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал олны хүртээл болно.
Энэ үеэр Шинэ цас үзэсгэлэнгийн хошой аварга, МКУНХ-ны
Удирдах зөвлөлийн дарга Л.Түвшинжаргал холбооны зорилго, цаашдын үйл ажиллагаа,
бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулав. Тус холбоо хүндэт гишүүдтэй, Төлөөлөн
удирдах зөвлөлдөө 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Мөн холбооны Гүйцэтгэх
захирлын үүргийг Р.Эрдэнэболор гүйцэтгэх юм.
МКУНХ-ны хүндэт гишүүнээр дараах зургаан хүнийг өргөмжлөхийн
зэрэгцээ гишүүнчлэлийн үнэмлэхийг гардууллаа.
Хүндэт гишүүд:
Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор Р.Отгонбаатар
Чингис хаан одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
Каллиграфийн их мастер Т.Жамъянсүрэн
Монгол Улсын Гавьяат Багш, Каллиграфийн их мастер Д.Батбаяр
Доктор, профессор С.Бадрал
Монголын орчин үеийн каллиграфийн холбоог үүсгэн байгуулагч, каллиграфийн их мастер Д.Баттөмөр агсны гэргий Б.Баярцэцэг