Мэргэшүүлэх сургалтад 5699 алба хаагчийг хамруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-24 12:52:53

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас төрийн албыг чадавхжуулах зорилт дэвшүүлсэн билээ.


Энэ хүрээнд мэргэшсэн чадварлаг алба хаагчийг бий болгох, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг эрхэлж байгаа албан тушаал, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар олгох сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Энэ онд мэргэшүүлэх сургалтад давхардсан тоогоор 5699 алба хаагчийг хамруулжээ.


Тухайлбал, мөрдөх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн алба хаагчдыг тодорхой төрлийн гэмт хэргийн зохиомол нөхцөл байдал, кейс өгөгдөл дээр ажиллуулах, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар олгох сургалтыг дадлага, практик байдлаар биеэр гүйцэтгүүлэн дадал зуршил олгох, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг дадлага туршлагатай алба хаагч, сургагч багш нараас зааварчилга, зөвлөгөөг өгөх, бодит кейс, алдаан дээр суурилсан (Case Analysis) хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ