Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн гишүүн орнуудыг COP17-д өргөнөөр оролцохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-27 09:50:58

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 49 дэх удаагийн уулзалт энэ сарын 24-нд Нью-Йорк хотноо болов.


Уулзалтыг Бүлгийн дарга Бүгд Найрамдах Ирак Улсын Тэргүүн шадар сайд Ф.Хуссейн удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы дарга Анналена Бербок, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед нар нээж үг хэлэв. Улмаар Бүлгийн гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын 80 жилийн ой тохиож буй түүхэн цаг үед дэлхийн өмнөдийн орнуудын хувьд тэргүүлэх ач холбогдол бүхий асуудлуудад ахиц гарган, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахын тулд олон талт хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн зэрэгцээ 77-гийн бүлгээс оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцов.


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл уулзалтад хэлсэн үгэндээ олон улсын худалдааны хурцадмал байдал бүхий өнөө үед өмнөдийн орнуудын хоорондох худалдаа өсөлттэй байгаа нь бүс нутгийн интеграцчилал, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх төдийгүй хөгжиж буй орнуудын гадаад шокийн нөлөөнд тэсвэртэй, уян хатан байдлыг нэмэгдүүлж буйг онцлон тэмдэглэв.


Тэрбээр Монгол Улсын санаачилсан “Олон улсын хоршооллын жил-2025” тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үндэсний түвшинд хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөтөлбөрийн талаар танилцуулсны зэрэгцээ Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд өндөр түвшинд оролцохыг 77-гийн бүлгийн гишүүн орнуудад уриалав.


Холбоотой мэдээ