39 ДЭХ ДОЛОО ХОНОГ: НҮБ-ын 80 жил ба Палестиныг хүлээн зөвшөөрөх хөдөлгөөн
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан Нью-Йорк дахь тус байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганы танхимд даваа гарагт болж, 140 улсын төр засгийн тэргүүн нар оролцлоо. Үүний дараа ерөнхий санал шүүмжлэл, хэлэлцүүлэг өрнөж, нийт 97 улсын удирдагчид, тэдний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.
Чуулганы үеэр Их Британи,
Австрали, Канад, Франц улсууд Палестин улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа
зарлан мэдэгдлээ. Барууны орнуудын энэ
шийдвэрийг Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху “гутамшиг” гэж нэрлэсэн бол
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Палестиныг хүлээн зөвшөөрөх нь ХАМАС-ыг шагнаж буй
хэрэг” хэмээн буруушаав.
Одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн
193 улсаас 152 нь Палестиныг тусгаар тогтносон улс гэж үзэж байна.
Дронууд Данийг айлгасан нь
Пүрэв гарагт шилжих шөнө Данийн агаарын орон зайд хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг илрүүлсний дараа Копенгаген хотын нисэх онгоцны буудлыг хаахаас аргагүйд хүрчээ.
Тус улсын Ерөнхий сайд М.Фредериксэн хэлэхдээ, эдгээр нь Оросын дронууд байж болохыг үгүйсгэсэнгүй. Мөн бусад гурван нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Түүнчлэн Копенгагены хэрэг явдалтай холбоогүй боловч Норвегийн Осло хотын нисэх буудал хаагджээ. Дронуудыг устгах, операторуудыг олж тогтоох боломжгүй байв.
Конгрессын төлөөлөгчид зургаан жилийн дараа Хятадад айлчиллаа
Адам Смит тэргүүтэй АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Ван И, Батлан хамгаалахын сайд Дон Жун нартай уулзлаа. Энэ бол 2019 оноос хойш Конгрессын гишүүдийн Хятадад хийсэн анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Мөн АНУ, БНХАУ-ын удирдагчид утсаар ярьсны дараа уг айлчлал болсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Хятад руу явахынхаа өмнө А.Смит мэдэгдэхдээ, Тайваний асуудлыг хэлэлцэхгүй гэсэн нь Хятадын ашиг сонирхлыг хүндэтгэсэн хэрэг бөгөөд 2022 онд Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Пелозигийн Тайваньд хийсэн айлчлалаас эрс ялгаатай байна гэж шинжээчид дүгнэжээ.
Алибабагийн хувьцааны ханш огцом өслөө
Nvidia компанитай түншлэлийн
гэрээ байгуулж, хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулахаар
төлөвлөж байгаагаа зарласан Хятадын өндөр технологийн Алибаба компанийн хувьцааны ханш огцом
өсөж, 174 хонконг долларт хүрсэн нь 2021 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт
боллоо. Мөн “Alibaba Cloud”-ын дата төвүүдийг энэ онд Бразил, Франц,
Нидерландад, ирэх онд Мексик, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Дубайд нээхээр
төлөвлөж байгаа нь хувьцааны ханш өсөхөд нөлөөлжээ.
Pfizer компани жин хасах эмийн зах зээлд өрсөлдөнө
Компания Pfizer компани жин бууруулах эмийн зах зээлд гарахын тулд
Metsera компанийг 7,3 тэрбум
доллароор худалдан авахаар шийдвэрлэжээ. Энэ бол Pfizer-ын түүхэн дэх хамгийн том хэлцэл бөгөөд тухайн
салбарт нэр хүндтэй Metsera
компанийн туршиж буй эмүүд ихээхэн найдвар төрүүлж байгаа юм.
Дембеле шилдэг хөлбөмбөгчнөөр
шалгарлаа
“Пари Сен-Жермен” болон Францын шигшээ багийн довтлогч Усман Дембеле “France Football” сэтгүүлээс улирлын шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” (Ballon d'Or) шагналын эзэн боллоо.
Өдгөө 28 настай тэрбээр өнгөрсөн улиралд ПСЖ-гийн бүрэлдэхүүнд Францын аварга шалгаруулах тэмцээн ба Францын цомын тэмцээний түрүүг хүртсэнээс гадна Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомд түрүүлж, клубүүдийн дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний финалд шалгарчээ. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн Францын зургаа дахь хөлбөмбөгчин боллоо.
Ирэх долоо хоногт болох гол үйл явдлууд
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы ерөнхий санал шүүмжлэл есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.
- Хүнсний
хог хаягдлыг багасгах олон улсын өдөр есдүгээр сарын 29-нд тохионо.
- АНУ-ын
хөдөлмөрийн зах зээлийн тайланг 10 дугаар сарын 3-нд танилцуулна.
- Японы
эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгууль 10 дугаар сарын 4-нд болно.
- Талбайн
теннисний Хятадын нээлттэй тэмцээн Бээжин хотноо есдүгээр сарын 24-нөөс 10
дугаар сарын 5-ны хооронд болно.
- “Формула-1”
ангиллын авто уралдааны Сингапурын Гран-При 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд
болно.