“OpenAI” компани “TikTok”-той төстэй аппликейшн танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2025-10-01 12:46:02

САН-ФРАНЦИСКО, 2025 оны аравдугаар сарын 1 /AFP/. Америкийн “OpenAI компани дүрс бичлэг бүтээх хамгийн дэвшилтэт загвар болох Sora 2”-ыг “TikTok”-той төстэй аппликейшний хамтаар мягмар гарагт танилцуулжээ. Уг аппликейшн нь хэрэглэгчдэд cameos хэмээх функцээр дамжуулан хиймэл оюунаар бүтээсэн орчинд өөрсдийгөө оруулах боломжийг олгодог ажээ. 


Энэхүү шинэ хувилбар нь хиймэл оюун ухаанаар бодит мэт дүрс бичлэг бүтээхэд томоохон үсрэлт хийсэн хэмээн ChatGPT” чатботыг бүтээсэн тус компани тодорхойлсон байна. Энэхүү систем нь үйл явдалтайгаа тохирсон харилцан яриа, дууны эффект, физикийн хувьд алдаа мадаггүй хөдөлгөөнийг бүтээж чадна гэж OpenAI мэдэгджээ


Түүнчлэн “Sora 2 нь дүрс бичлэг бүтээх өмнөх загваруудын хувьд Олимпын гимнастикийн дасгалсагсан бөмбөгийн хөдөлгөөнийг дүрслэн харуулах гэх мэт гүйцэтгэхэд хэцүү, зарим тохиолдолд боломжгүй байсан зүйлсийг хийж чадна гэж тус компани мэдэгдсэн байна. 


Хэрэглэгчийн оруулсан бичвэр дэх зааварчилгааг биелүүлэхийн тулд “объектуудыг хувиргаж, бодит байдлыг гажуудуулдаг өмнөх системүүдээс ялгаатай нь Sora 2 нь бодит ертөнцийн физикийн хуулийг илүү сайн баримталдаг аж. Мөн өнгөрсөн онд танилцуулсан “Sora”-г орлосноор 2022 онд “ChatGPT”-г хэрэглээнд нэвтрүүлснээр эхэлсэн хиймэл оюуны “зэвсэглэлийн” өрсөлдөөний хамгийн сүүлийн үеийн хэрэгсэл болж байна. 


Дүрс бичлэг бүтээх тал дээр “OpenAI нь Google, Runway AI, Midjourney зэрэг компаниудын зүгээс ширүүн өрсөлдөөнтэй тулгарч байгаа юм. Эдгээр нь бүгд хэдхэн секундийн дотор богино хэмжээний дүрс бичлэг хийх боломжтой программуудыг санал болгодог бөгөөд хүний ​​ бүтээсэн контентыг орлох боломжтой гэх магтаал, айдсын аль алийг төрүүлж байгаа юм.


Гэхдээ “Sora 2-оос илүүтэйгээр хэрэглэгчдийг гайхшруулж магадгүй зүйл бол Sora аппликейшн юм. Энэхүү платформ нь хэрэглэгчдэд хиймэл оюунаар бүтээсэн дүрс бичлэгт харагдах байдал, дуу хоолойны хувьд гайхалтай чанартайгаар орох боломжийг олгох гэнэ. Уг программыг одоогоор зөвхөн АНУ, Канадад урилгаар ашиглах боломжтой ажээ.


Sora 2” дүрс бичлэг бүтээгч нь эхний ээлжид үнэ төлбөргүй байх боловч дүрс бичлэг бүтээхэд шаардагдах тооцоолох хүчин чадлын хомсдолоос шалтгаалан хэрэглээг хязгаарлах гэнэ. Аппликейшн дээр хэрэглэгчид TikTok”, “Instagram Reels-тэй төстэй хэсэгт бүтээсэн бичлэгээ хуваалцах боломжтой байна.


Улам бүр хүчирхэгжин сайжирч буй хиймэл оюун ухаант хэрэгслүүдийг хурдацтайгаар хэрэглээнд нэвтрүүлэх нь хиймэл ухаанаар бүтээсэн контентууд улам нэмэгдэж байгаа болон тэдгээрийг бүтээхэд шаардагдах асар их тооцоолох хүчин чадлаас үүдэн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн талаар санаа зовниход хүргэж байгаа юм.


OpenAI сэтгэцийн эрүүл мэндэд нийгмийн сүлжээнүүдээс үзүүлэх нөлөөлөл, тухайлбал “нийгмийн сүлжээнд хэт их цагийг өнгөрөөх, донтох, тусгаарлагдах” зэрэг нь олон нийтийн санааг зовоож буйг хүлээн зөвшөөрч, хэрэглэгчийн сайн сайхан байдлыг шалгах, контентод хяналт тавих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаагаа мэдэгджээ.

 


Холбоотой мэдээ