Хэнтий аймаг “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-15 10:08:07

БОАЖЯ-аас 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аянг зарлаад байна. Тэгвэл Хэнтий аймагт “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяны хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж эхэллээ.

Хэнтий аймаг ногоон хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, хэмнэлттэй үйлдвэрлэл, хэрэглээ, амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд зорилгоор дээрх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа ажээ.

Тус аймаг нь 2013 онд Монгол Улсын ногоон хөгжлийн жишиг 5 аймгийн нэгээр сонгогдсон бөгөөд өнгөрөгч 9 дүгээр сарын 21-ний өдрийн аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар "Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026" бодлогын баримт бичгийг хэлэлцэж баталсан юм. Энэхүү баримт бичиг нь нийт 17 зорилт, 103 дэд зорилттой бөгөөд уг зорилтуудыг хэрэгжүүлэх “Хэнтий аймгийн ногоон хөгжлийн хэтийн зорилтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2016-2030” боловсрогдон Монгол, Англи хэл дээр хэвлэгдэн гарахад бэлэн болоод байна.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж, байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлага тулгарсан бөгөөд 2015 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг баталсан. Монгол улс дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2016 онд УИХ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийг гаргасан юм.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ