ЗАВХАН: Хүн байхын учир утгыг 4800 хүүхдэд таниулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-07 13:42:18

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос Завханы 24 сумын өсвөр үеийн хүүхэд багачуудад “Нандин” уулзалт зохион байгуулж 4800 гаруй хүүхдэд зөвлөн туслах ажлыг хийжээ.


Тус холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа нийгмийн зорилтот “Хавдаргүй монгол эмэгтэй” төсөл Завхан аймагт нэг сарын хугацаанд хэрэгжсэн байна.


Төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн холбооноос сум бүрийн өсвөр үеийнхэнд зориулсан “Нандин” уулзалтаар дэлгэцийн дон, хор уршиг, мэргэжил сонголт, үе тэнгийн дээрэлхэлт ялгаварлан гадуурхалт, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, бэлгийн ариун цэвэр, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, гэр бүлийн харилцаа, хүндлэлийн талаар ярилцаж зөвлөн тусалжээ.


Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн өсвөр үеийнхэнд хүн байхын утга учрыг таниулсан үр дүнтэй уулзалтууд болсон юм. 


“Ариун цэврийн хэрэглэл ичих зүйл биш” уриатай "Нандин" төслийн үйл ажиллагааны хүрээнд 24 сумын ерөнхий боловсролын сургууль дээр ариун цэврийн хэрэглэлийн 150 хайрцаг байршуулж эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг хүлээлгэн өгсөн.

Мөн 24 сумын иргэдэд зориулсан “Дулаахан” уулзалтаар гэр бүл хамтын үүрэг оролцоо, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх, папиллома вирусний хор уршиг, хүүхэд хамгаалал, эрүүл мэндээ хамгаалах анхан шатны ойлголт өгөх таниулах мэдээлэл өгсөн байна. Насанд хүрэгчдэд зориулсан ёс суртахуун,  ухамсар хандлагын талаарх соён гэгээрлийн уулзалтыг 4000 хүнд хүргэсэн тухай МЭХ-ны Завхан аймаг дахь салбараас мэдээлэв. 


"Дулаахан" уулзалтын үеэр 

Холбоотой мэдээ