БАЯНХОНГОР: Орог нуур 56 төрлийн 80 зүйл шувуутай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-09 16:02:29

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Богд сумын нутагт Их Богдын ар хормойд орших Орог нуур орчимд 10 баг, 27 овог, 56 төрлийн 80 зүйл шувуу бүртгэгджээ.


Судалгаагаар амьдрах хэлбэрийн хувьд, суурин амьдралтай 14, нүүдлийн /өндөглөн зусдаг/ 44, дайран өнгөрдөг 19, тохиолдлын байдлаар хааяа ирдэг 2, ховор тохиолдох нүүдлийн нэг зүйл шувуу байгааг тогтоосон байна.


Орог нуур, түүний орчмоор бүртгэгдсэн шувуудын дунд тоо толгой нь эрс цөөрсөн, ховор, Азийн Улаан номд ба CITES, CMS-ийн хавсралтуудад орсон, агнахыг хориглосон зүйл шувууд байгаагаас манай улсын Улаан номд багтсан зургаан зүйл шувуу байгаа юм.

Энд олон улсын болон монголын хэмжээнд ховорт тооцогдох шувуудаас борцгор хотон, хошуу галуу, зээрд шонхор, реликт цахлай таарна. Мөн отгот шунгуур, борцгор хотон, хондон ангир, хүрэнтолгойт цахлай зэрэг шувууд нүүдлийн үеэрээ дайран өнгөрнө. Нуурын хөвөө эрэг орчмоор монголд ховордож буй шар зээргэнэ, чихэр өвс ургадаг онцлогтой.


Орог нуур нь Нууруудын хөндий дэх хоёр дахь том нуур бөгөөд Говь-Алтайн нурууны хамгийн өндөр уул Их Богд уулын ар хормойд тулж орших ба баруунаас зүүн тийш сунгуу зууван хэлбэртэйгээр тогтоно. Орог нуур нь гидрокарбонат, хлоридын ус бүхий нуурын төрөлд багтах ба усны өнгө шаравтар ногоон туяатай, хатуулаг чанар 15 орчим болохын дээр ёроол нь зуурмаг шавартай байна.


Тус шорвог нуурын усны хэмжээ тогтворгүй, түүнд цутгадаг Түйн голын уснаас ихээхэн хамааралтай, зарим жил хатах нь бий. Зүүн хойд талаас Түйн гол цутгахдаа томхон садраа адаг үүсгэж намагжих бөгөөд Их Богд уулын хормой алгуур намсаж тэгшивтэр гадарга үүсгэж уулын хормойгоос олон арван булаг ундарч орчныг намагжуулдаг. Нуурын баруун хойд талаар элсэн тарамцаг эмжиж бас эртний нуурын татралтын далан зээгэлсэн тогтоцтой. Нуураас зүүн тийш 1 км орчмоос заган шугуй үргэлжилдэг.

Холбоотой мэдээ