МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Францын Ерөнхий сайдаар С.Лекорнюг дахин томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-11 12:34:02

ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 11 /DW/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон баасан гарагт Себастьен Лекорнюг Ерөнхий сайдаар дахин томилжээ. Тэрбээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ хэдхэн хоногийн өмнө өгсөн юм.


“Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Ерөнхий сайдаар Себастьен Лекорнюг томилж, засгийн газрыг эмхлэн байгуулах үүрэг өглөө” гэж Елисейн ордон мэдэгджээ.


Үүний хариуд С.Лекорню мэдэгдэхдээ, Ерөнхийлөгчийн надад өгсөн даалгаврыг хүлээн авах нь миний үүрэг бөгөөд төсвийн талаар тохиролцоонд хүрэх, эх орон нэгтнүүддээ өдөр тутам тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэлээ.


“Францын ард түмнийг бухимдуулж буй улс төрийн хямрал, улсын нэр хүнд, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй энэ тогтворгүй байдлыг бид зогсоох хэрэгтэй” гэж тэрбээр нэмж хэлжээ. С.Лекорню өрсөлдөгч намуудын эсэргүүцэлтэй тулгарсан засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулснаасаа хойш ердөө 14 цагийн дараа буюу даваа гарагт огцорсон юм.


Лхагва гарагт Э.Макрон 48 цагийн дотор шинэ ерөнхий сайдыг томилох болно гэж мэдэгдсэн боловч уг албан тушаалд хэнийг томилох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байв. 2024 оны дундуур болсон ээлжит бус сонгуулиар парламентад аль нэг нам олонх болж чадаагүйгээс хойш Францад улс төрийн тогтворгүй байдал нүүрлээд байгаа юм.


Үндэсний ассемблейн хамгийн том сөрөг хүчний хоёр нам болох хэт барууны үзэлт “National Rally” болон хэт зүүний үзэлт “France Unbowed” намыг баасан гарагт С.Лекорнюг дахин томилохын өмнөх хэлэлцүүлэгт уриагүй байна. Хэт барууны удирдагч Марин Ле Пений хувьд Үндэсний ассамблейг тараахыг дахин уриалжээ. Хэт зүүний үзэл баримтлалтай “France Unbowed” нам ч мөн адил энэ алхамд сэтгэл дундуур байгаа бөгөөд Э.Макроныг огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ