Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай зэрэг хуулиудын хэлэлцүүлгийг хийх юм. Мөн Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээллийг сонсоно.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаарх мэдээлэл сонсохоор болжээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болох ба Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн үндэсний комиссын 15 дахь илтгэл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн Өргөдлийн байнгын хорооноос “Ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болох юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал