Ирэх саруудад олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-20 09:48:23

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх саруудын ерөнхий төлөвөөр 11 дүгээр сард Хэнтийн зүүн хойд, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, төвийн аймгуудын нутгаар 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.


Харин 2026 оны нэгдүгээр сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх аж. Хур тунадас говийн зүүн өмнөд хэсгээр 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас бага байх бол 12 дугаар сард нутгийн зүүн хойд, 2026 оны нэгдүгээр сард нутгийн төв, баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 


Арваннэгдүгээр сард: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төвийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Дорнодын нутаг, Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол сарын нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх аж.


Арванхоёрдугаар сард: Агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Увс, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булган, Төвийн зүүн хойд, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.


Нэгдүгээр сард: Агаарын дундаж температур 2026 оны нэгдүгээр сард Увс, Завханы нутаг, Баян–Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэйг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ